НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын Ассамблейн 41 дэх чуулган 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 7-ны өдрүүдэд Канад Улсын Монреаль хотноо болж байна.
Ассамблейн 41 дэх чуулганд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Ассамблейн чуулганы үеэр Монгол Улс “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын харилцааг дэмжих” тухай WP/61 тоот Ажлын баримт бичгийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын дэмжлэгийг авав. Армени, Этиоп зэрэг далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд Ажлын баримт бичигт хамтран зохиогчоор оролцсон аж.
Тус Ажлын баримт бичиг батлагдсанаар ОУИНБ нь далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 улсын иргэний агаарын тээврийн салбарт тулгамдаж буй сорилт бэрхшээлийг тогтоох судалгаа хийж, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааг ДГХБО-уудад үзүүлэх боломж бүрдэх юм.
Гурван жил тутам болдог тус чуулганд ОУИНБ-ын гишүүн 193 улс, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцож, ОУИНБ-ын ирэх гурван жилийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.