СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 9 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардууллаа.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн нийслэлийн боловсролын салбарын есөн гэр бүлээр:

  1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Чинбат, Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ө.Оюунгэрэл нарын гэр бүл;
  2. Нийслэлийн Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш, арга зүйч Д.Алтанхуяг, Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэгийн туслах багш Ц.Цэвээнролом нарын гэр бүл;
  3. Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын Боловсрол цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Энхбат, Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ононтунгалаг нарын гэр бүл;
  4. Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш Б.Сэлэнгэ, 53 дугаар сургуулийн бага ангийн багш Р.Гандиймаа нарын гэр бүл;
  5. Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, тус сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл;
  6. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн дизайн технологийн багш Ж.Отгонбаяр, тус сургуулийн бага ангийн багш Г.Эрдэнэчимэг нарын гэр бүл;
  7. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, тус сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл;
  8. Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Нармандах, Хан-Уул дүүргийн Язгуур ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Т.Ариунсанаа нарын гэр бүл;
  9. Нийслэлийн Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тунгалаг, 44 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Д.Батбаяр нарын гэр бүл шалгарч, түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардлаа.

Түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардсан гэр бүлийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, тус сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл:

“Манай гэр бүл боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Дөрвөн хүүхдийн аав, ээж болсон бид Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн нэгэн эд эс болсон. Үнэ цэнтэй, сайхан шагнал гардлаа. Хамт олондоо, төрүүлж өсгөсөн ээж аавдаа, түшиж тулж буй ханьдаа баярлалаа. Нийслэлийн зүгээс багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, энэ олон өрх гэрүүдэд аз жаргалыг бэлэглэж байгаад үнэхээр их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, тус сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл:

“Манай гэр бүл нийслэлийн 1 дүгээр сургуульд 10 жил ажиллаж байна.  Сэтгэгдэл маш өндөр байна. Боловсролын салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласны ач гавьяа гэж бодож байна. Шагнал авна гэж төсөөлөөгүй. Хамт олондоо маш их баярлалаа. Бүгдэд нь багш нарын мэнд хүргэе” гэлээ.

ХҮҮХДҮҮДИЙГ ЕРДИЙН СУРГУУЛЬД ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАСНААР ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Шагнал хүртсэн боловсролын байгууллагын удирдлага, багш сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэгш хамруулагч байгууллагаар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал Б.Нарангэрэл:

“Миний хувьд боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Харин нийслэлийн 9 дүгээр сургуулийн захирлаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Манай хамт олон боловсролын тэгш хамруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургаснаар боловсролын тэгш хамруулагч байгууллага боллоо. Японы Хүүхдийг ивээх сангийн тэгш хамруулах төслийн хүрээнд багш нараа чадавхжуулан, хөгжлийн онцлогтой 28 суралцагчид багш нар ганцаарчилсан сургалт орж буй. Мөн  тус сангийн тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах арга барилд суралцаж байгаа. Энэ жил маш онцлогтой, сайхан багш нарын баяр боллоо” гэлээ.

Шилдэг контент бүтээгч багш Г.Наранзул:

-Боловсролын салбарт ажиллаж байгаа үе үеийн багш, ажилтнууддаа баярын мэнд хүргэе. Миний хувьд боловсролын байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Баянгол дүүргийн “Номт наран” сургуульд дөрвөн жил ажилласан. Ажиллах хугацаандаа ээлжит хичээлийн цахим контентыг хийхийг зорьсон. Энэ зорилттоо хүрсэн гэж бодож байна. Би энэ жилээс орон нутаг руу гэр бүлийн хамт шилжсэн. Өнгөрсөн ч гэсэн хийсэн ажлыг минь үнэлсэн Нийслэлийн Боловсролын газрын хамт олон маш их баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.