ХИС-ийн доктор, профессор Д.Уламбаяртай геополитикийн шинэ нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-ОХУ Украины дөрвөн мужийг өөртөө нэгтгэлээ. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ. Олон улсын эрх зүйн хувьд ямар үр дагавар гарч болно гэж таамаглаж байна вэ?
-Дэлхий дахинд энхтайван, аюулгүй байдлыг сахин хангах үүрэгтэй ОХУ өөрөө түрэмгийлэл үйлдэж, бусдын газар нутгийг өөртөө дур мэдэн нэгтгэлээ. Энэ бол ноцтой буруу “precedent” тогтож байгаа хэрэг.
ОХУ өөртөө нэгтгэсэн гэх Луганск, Донецк, Херсон, Запорожье мужид өнөөдрийг хүртэл бүрэн хяналтаа тогтоож чадаагүй байна. Олон улсын эрх зүйд дээрх үйл явцыг “annexation” буюу “хүч түрэн хавсарган нэгтгэх ажиллагаа” гэж нэрлэдэг.
АНУ, Албани улсын санаачилсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөл дээр ОХУ хориг тавьсан. Тиймээс Ерөнхий Ассамблей дээр санал хурааж тогтоолын төслийг батлах болов уу. Украины дөрвөн мужид явагдсан санал хураалт болон В.Путины зарлиг нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, НҮБ-ын дүрэмд харш, хууль бус үйлдэл, урд өмнө болж байгаагүй практик.
В.Путин хүчирхэг удирдагч, асар их нэр хүндтэй байсан. Тэрбээр ЗСБНХУ-ын “эзэнт гүрэн”-ийг дахин сэргээн мандуулах далд хүслээ олон жил тээж явсан гэдэг нь харагдлаа.
В.Путин 2005 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын парламентын дээд танхим холбооны хуралд үг хэлэхдээ “ЗХУ-ын задрал ХХ зууны геополитикийн хамгийн том сүйрэл болсон” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ санаагаа Мюнхен аюулгүй байдлын бага хурал, “Валдай” олон улсын мэтгэлцээний клуб дээр хэлсэн үгэндээ ч тэмдэглэж байсан.
Харин АНУ-ын сенатч агсан Жон Маккейн Мюнхены бага хурал дээр “Зөвлөлтийн эзэнт гүрэн сэргэвэл XXI зууны хамгийн том сүйрэл болно” гэж сөргүүлж хэлсэн байдаг. Крымийн хойгийг нэгтгэж байсан 2014 оны үетэй харьцуулахад энэ удаагийнх ямар ч байсан Орос даяар үндэсний хэмжээний баяр ёслол болсонгүй.
ОХУ-ын 30 гаруй хотод түр дайчилгааг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөлөө. В.Зеленский Украины тэмцэл Донбасс, Крымийг чөлөөлөх хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэж, НАТО-д элсүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болж есөн гишүүн улс ч дэмжихээ мэдэгдсэн байна.
Ер нь ноцтой алдааны гол учир шалтгаан нь нэг хүнд эрх мэдэл дэндүү их төвлөрч, улс орныг олон арван жилээр хугацаагүй удирдах боломж олгож буй явдал юм. Гол асуудал ОХУ-д хууль бусаар, хүчээр нэгтгэсэн эдгээр дөрвөн мужийг чөлөөлөх ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт халдсан үйлдэл гэж үзэх тухай Оросын удирдагчдын хийж буй хууль бус мэдэгдэл юм.
-Сүүлийн үед ОХУ-ын удирдлагын зүгээс цөмийн зэвсгээр мэдэгдэл удаа дараа хийх болсон. Энэ талаар та байр сууриа хуваалцана уу. Цөмийн дайн гарах магадлал хэр үндэслэлтэй байна вэ?
-Олон улсын аюулгүй байдлын орчин эрс хурдацтай доройтож, цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдсээр байна. ОХУ цөмийн зэвсгийн сүрдүүлгийн дор Украин руу түрэмгийлсэн. Миний хувьд хамгийн их гайхал төрүүлж буй зүйл бол В.Путин, түүнийг тойрон хүрээлэгчид ОХУ-ыг дэлхий дээр ганцаараа цөмийн зэвсэг эзэмшиж байгаа юм шигээр ааш авир гаргаж байгаа явдал юм.
В.Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл Оросын ард түмний өмнө уучлашгүй, хэзээ ч нөхөж баршгүй хохирол учруулна.
ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэвэл цацрагт идэвхит бодис агаар дусал бусад замаар дамжин НАТО-гийн гишүүн орнуудад шууд нөлөөлөх магадлалтай. Иймээс НАТО гишүүн улсууд нь түрэмгийлэлд өртсөн гэж үзэж НАТО-гийн гэрээний тавдугаар заалт шууд хэрэгжиж эхэлнэ.
АНУ-ын удирдлага саяхан мэдэгдэл хийж, цөмийн зэвсэг хэрэглэх нь Орост өөрт нь сүйрлийн үр дагавартай. АНУ манай холбоотнууд шийдэмгий хариу барина гэдгээ Кремлийн эрх баригчдад ноцтой сануулсан гэжээ.
ОХУ цөмийн зэвсэггүй Украины эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл нийт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн болно. Тиймээс ОХУ-ын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний эрхийг Ерөнхий Ассемблейн тогтоолоор хүчингүй болгох асуудал ч тавигдах магадлалтай. Хэдийгээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлийг хүчингүй болгох тухайд НҮБ-ын дүрмээр эрх зүйн зохицуулалтгүй боловч цөмийн зэвсэг хэрэглэх нь дүрмийн бус учраас сөрөг арга хэмжээ нь ч стандарт бус байж болох юм.
Өнөөдөр ОХУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ямар ч улс аюул занал учруулаагүй байхад цөмийн зэвсэгт дулдуйдсан хүчээр түрий барих бодлого явуулж байна.
Нөгөө нэг зүйл нь цөмийн зэвсэг ашиглах дээрээ тулж байгаа нь ОХУ-ын ердийн зэвсэглэлийн хүч чадавхи үлэмж суларсныг харуулж байна. Стохольмын Олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тооцооллоор ОХУ 5977, АНУ 5428, Франц 290, Британи 225 нийлээд НATO 5943 цөмийн цэнэгт хошуутай гэж үздэг.
-Цөмийн зэвсгийн тоо зөрүүтэй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1981 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ыг Өрнөд Европыг онилсон SS-4, SS-5, SS-20 пуужингуудаа эгүүлэн татвал, 1979 оны арванхоёрдугаар сарын 12-нд зарласан НАТО-гийн шийдвэрийн дагуу 1983 оноос Өрнөд Европын таван орон Британи, ХБНГУ, Итали, Нидерланд, Люксембургт байрлуулахаар төлөвлөж буй “Першинг-II” болон Томагавк цөмийн цэнэгт дунд тусгалын далавчит пуужингуудаа эргүүлэн татах тухай “тэглэх хувилбар” хэмээх шинэ санаачилгыг ЗХУ-д санал болгосон юм.
Харин 1985 онд Михаил Горбачев Зөвлөлтийн удирдлагад гарсны дараа цөмийн зэвсгийн хэлэлцээг дахин эхлүүлж, гэхдээ “Давхар тэглэх хувилбар” хэмээх өөр хувилбарыг сөргүүлэн тавьсан байдаг.
Гол агуулга нь Зөвлөлт-Америкийн цөмийн хэлэлцээрт Британи, Францын цөмийн цэнэгт хошууг давхар хамруулах тухай байсан юм. Тийнхүү нэжгээд удаагийн яриа хэлэлцээний дүнд зарчмын тохиролцоонд хүрч, 1987 оны арванхоёрдугаар сарын 8-нд Вашингтон хотноо Дунд болон ойр зайн тусгалтай цөмийн зэвсгийг устгах тухай гэрээнд гарын үсэг зурж, АНУ буулт хийсэнтэй холбоотой байдаг.
Гэхдээ цөмийн дайн эхлэхэд тэдгээр цөмийн цэнэгт хошуунуудыг бүгдийг нэг зэрэг ашиглах цэрэг дайны ажиллагааны болон техникийн боломж байхгүй. Учир нь эхний мөчид л цөмийн сүйрлийн үр дагаврыг дэлхий дахин шууд мэдрэх болов уу. Үр дүнд нь экологийн ямар сүйрэл гарахыг урьдчилан таах боломж тун хомс байна.
Мэргэжилтнүүдийн тэмдэглэж буйгаар тактикийн цөмийн зэвсэг гэдэг нь стратегийн цөмийн зэвсгээс ялгагдаж буй онцлог нь цөмийн зэвсгийн тусгал нь 500-1500 км-ын зайд тактикийн цөмийн зэвсгийн хөнөөл нь ерөнхийдөө стратегийн цөмийн зэвсгээс харьцангуй бага орон зайг хамрах бөгөөд урд өмнө байлдааны нөхцөлд ямар ч тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж байгаагүй.
Гэхдээ стратегийн болон тактикийн цөмийн зэвсгийн хоорондын ялгааны тухай яриа бол угтаа утгагүй зүйл. Дайнд ялах, ялагдах тухай олон улсын харилцааны онолын ойлголт цөмийн дайны түвшинд өөрийн утгаа чанараа бүрэн алдах юм. В.Путин Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг үнэхээр унагалаа.
Өрнөдийн шинжээчдийн тэмдэглэж буйгаар Оросын зэвсэгт хүчин урьд өмнө төсөөлж байсантай харьцуулахад тийм ч айхтар болгоомжлохоор байгаагүй юм байна гэх үндэслэлтэй зүйл бичих болсон.
-ОХУ хүн хүчний хэр их хохирол хүлээсэн талаарх мэдээ баримт зөрүүтэй байгаад байна. Танд шинэ баримт байна уу?
- Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Владивосток хотноо зохиогдсон Дорнын эдийн засгийн форумын нээлтэд В.Путин “Украины дайн Оросын сулруулах биш, улам хүчирхэгжүүлсэн. Бид юуг ч алдаагүй, юуг ч алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь ОХУ тусгаар тогтнолоо улам бэхжүүлж байна" хэмээн худал мэдэгдсэн.
Украинд түрэмгийлснээс хойш зургаан сарын хугацаанд буюу наймдугаар сарын 24-ны байдлаар ОХУ 50 мянга гаруй цэргийн алба хаагчаа алджээ. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох тухай ОХУ-ын Сангийн яамны баримт бичгийг Оросын сөрөг хүчний удирдагч Михаил Ходорковский есдүгээр сарын 10-нд нийтэлсэн.
“БХЯ-наас өгсөн мэдээллээр 2022 оны наймдугаар сарын 24-ний байдлаар Украинд явуулсан “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчний 48759 цэргийн албан хаагч амь үрэгдсэн” гэж Сангийн яамнаас ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Дмитрий Юрьевич Григоренкод илгээсэн албан захидалд дурджээ.
Амь үрэгдэгсдийн тоонд “Донецкийн АБНУ”, “Луганскийн АБНУ”-ын “дайчлагдсан цэрэг” болон Вагнерын хөлсний дайчдыг оруулаагүй ажээ. Украинд амиа алдсан орос цэргүүдийн ар гэрийнхэнд 7.4 сая рублийн нөхөн олговор олгох тухай ерөнхийлөгч В.Путины зарлиг ёсоор наймдугаар сарын 26-ны байдлаар 361.9 тэрбум рублийн нөхөн төлбөр олгосон буюу олгохоор төлөвлөж байгаа тухай баримт бичигт дурджээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 6.036 тэрбум ам.доллар болж байна.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр, есдүгээр сарын 9-ний байдлаар Украинд оросын 51.900 цэрэг амь насаа алдсан байна. Энэ нь 384 тэрбум рубль буюу 6.2 тэрбум ам.доллар болж байна. Баримт бичигт дурдсанаар 2022 оны эцэс гэхэд 271.5 тэрбум рубль, 2023 онд 724.1 тэрбум рублийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж албан бичигт тэмдэглэжээ.
ЗХУ Афганистан дахь 10 жил үргэлжилсан дайнд 15 мянга, ОХУ 1994-1996 оны Чеченийн I дайнд 5,700, 1999-2009 онд 10 жил үргэлжилсэн Чеченийн II дайнд 7.200 гаруй цэрэг эрс амь насаа алдсан байдаг.
Шинжээчид хэрэв Оросын тал энэ байдлаараа ухарсаар дайнд ялагдсан тохиолдолд В.Путины дэглэм нуран унах магадлалтай. Тиймээс цэргийн шинжээчид Украины давшилт амжилт олохын хэрээр ОХУ-ын зүгээс шийдэмгий хариу сөрөг цохилт өгч болзошгүй гэж үзэж байгаа юм. ОХУ Донбассын нутаг дэвсгэрээс шахагдан ухрах тохиолдолд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх үү, эсвэл Украины цөмийн цахилгаан станцуудад цохилт өгөх үү гэдэг асуулт гарч ирж байна.
-Цэргийн дайчилгааны хуультай холбоотойгоор Оросын иргэд гадаадад маш ихээр явах боллоо. Монголд тэдгээр иргэд олноор орж ирэх нь ямар үр дагавартай вэ?
-1995 он хүртэл хоёр улсын иргэд визгүй зорчдог байсан. Монголын талын олон удаагийн хүсэлтийн дагуу 1995 оноос энгийн гадаад паспорттай иргэд визтэй зорчих дэглэмд шилжсэн. 2006 оноос визийн дэглэм хоёр орны харилцааг хөгжүүлэхэд саад болж байгаа тул визгүй дэглэмд шилжих хүсэлтийг Монголын тал дахин тавьсан байдаг.
Тэгээд бараг найман жил хэлэлцсэний эцэст 2014 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй болсон нь нэн чухал ач холбогдолтой байв.
Монголын аялал жуулчлалын компаниуд жилд 2-3 сая жуулчид хүлээж авах боломжтой тухай их хэлэлцдэг. Түүнтэй харьцуулахад ОХУ-ын дөрвөн мянга орчим иргэд Монголд орж ирсэн нь маш бага тоо юм. Одоогийн тохиолдолд санхүүгийн чадавхтай бол визийн хугацааг нэг удаа 30 хоног сунгах, мөн түр оршин суух зөвшөөрөл олгох зохицуулалт хийж байна.
Рeaдмиссийн хэлэлцээр гэж мөн байдаг. Түүний гол агуулга нь нэг улсын иргэн нөгөө улсын хууль тогтоомжийг зөрчсөн визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд харилцан тохиролцсоны дагуу түүнийг иргэншилтэй улс руу нь буцаан илгээдэг. Дээрх Оросын иргэд аялагчид болохоос дүрвэгсэд биш. Үүнийг хооронд нь хольж хутгаад байх шиг байна лээ.
Харин Монгол Улс өнөөг хүртэл 1951 оны Дүрвэгсдийн статусын тухай НҮБ-ын конвецид нэгдэж ороогүй нь туйлын зөв зүйтэй бодлого гэж боддог. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.2-т ч гадны дүрвэгсэд олноор орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрхзүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авахаар заасан байдаг.
300 мянган цэргийн түр дайчилгаа нь ОХУ өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн мужийг хамгаалахад чиглэж байгаа бололтой. Алдаа завхрал ч их гарсан байна. “ОХУ-ын Цагаачлалын тухай Холбооны хуулийн дагуу ОХУ-ын иргэншил авсан, тиймээс давхар иргэншилтэй бол зөвхөн ОХУ-ын иргэн" гэж тооцогдох ажээ.
Оросын иргэншил авсан Төв Азийн цагаачдыг цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд Оросын иргэншлийг нь хүчингүйд тооцно хэмээн сүрдүүлэх болсон байна. Уг нь В.Путин өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 134500 иргэнийг цэрэгт татах зарлиг гаргаж байсан.
“ТАСС” агентлагийн мэдээлснээр, тухайн үед Оросын Засгийн газар цэргийн алба хаагаагүй 134500 иргэдийг армийн нөөцөд татаж, цэрэг татлага дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 15 хүртэл үргэлжилж 18-27 насны эрчүүдийг дайчилсан.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс энхтайванд уриалсан агуулгатай үг хэллээ. Энэ байр суурь хэр оновчтой байв?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ “Өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, энэ цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энхтайванч хандлага, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг онцолж, Евразийн бүс нутагт тогтсон “Монголын их амар амгалан”-гийн утга чанарыг ухуулан тайлбарлаж, наймдугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх Х бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутеррешийн хэлсэн “Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна” хэмээснийг НҮБ-ын индэр дээрээс дахин нэг сануулсан нь нэн чухал ач холбогдолтой байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан ярилцлага болжээ. Баярлалаа
Орос дайнаа зогсоохгүй бол Украйн дайнаа зогсоодог л байх даа харин Украйн дайнаа зогсоохгүй бол дэлхий дуусах л юм байна утга нь цөмийн дайнд ялагч, болоод ялагдагч гэж байхгүй зөвхөн сүйрэл л байх юм байна
ВВ-д хуучин ЗХУ бий болгох хүсэл байхгүй байхоо. Хууль бусаар асар их хөрөнгөжсөн, маш олон хүний аминд хүрсэн хүн учраас занаанд орсон. Өөрийн үхлээр үхэхийн тулд оросуудын "ИХ ГҮРЭН" гэдэг хуурамч үзэл дээр тоглолт хийж байгаа мөнгөний эздийн утсан хзүхэлдэй.
Хүн авч нохой долоох үнэн юм энд чинь алга ! Путин ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлсэн үгийг нийтэлж байгаач !
энэ Хүн хэт нэг талыг барьж ярьжээ, Оросуудыг түрэмгийлэл үйлдэж байна гэх юм урьд нь АНУ,,,,, Солонгос , Вьетнам , Ливив болон бусад Улс орнууд руу Түрэмгийлэл үйлдэж Бөмбөгдөж байсныг яагаад Түрэмгийлэл гэж ярьдаггүй юм, Украйны хэт Үндсэрхэг үзэлтэнүүд болох Нацистууд Украйнд аж төрж байсан Оросоор ярьдаг Иргэдийг тамлаж Алж хядаж байсан нь тэдний Зөв байсан гэж үү,,,
Орос украйнд дайн зарлаж довтолсон нь түрэмгийлэл бишээ. Тусгаар тогтголоо хамгаалсан хэрэг. Дэлхийн бүх орон оросыг ганцаардуулж, орос хүнийг үзэн ядаж байхад Путин эсэргүүуэхээс яахав дээ. Украйн хорт лаборатороороо ямар аймаар бактер үйлдвэрлэж байгааг бурхан мэднэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Транп хэлс эн нь үнэн. Ер нь ямар нэг хэмжээгээр цөмийн зэвсэг хэрэглэх байхаа