СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Тэмүүлэн: Ж.Батзанданг шалгаж байгаа эсэхийг өнөөдөр хэлэх боломжгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

АТГ-аас Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг баривчилсан талаар АТГ-аас өнөөдөр/2022.10.06/ мэдээлэл хийлээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-2021 оны Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил болон 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-аас шалгалт хийж байна. Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилттэй холбоотойгоор шалгалт явуулж байна.

Та бүхний асуугаад буй албан тушаалтныг АТГ-аас сэжигтнээр 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн. Өмнө нь та бүхэнд мэдээлсэн. Дарханы замтай холбогдуулан тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгана. Энэ хүрээндээ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын хяналтан дор баривчлах үндэслэл тогтоогдсон.

-Хичнээн албан тушаалтан энэ хэрэгт холбогдсон бэ?

-Арав гаруй албан тушаалтныг шалгаж байгаа. Үүнээс найман хүнийг нь яллагдагчаар татсан. Гурвыг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир ямар албан тушаалтнууд баригдсан талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Ж.Батзанданг өөрийг нь шалгаж байгаа гэж үнэн үү?

-Хэнийг шалгаж байгаа талаарх мэдээллийг өнөөдөр хэлэх боломжгүй. Бид ардчилсан улсад амьдарч байна. Хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг шалгаж байгаа вэ гэх мэдээллийг өгөх боломжгүй.

-Ж.Бат-Эрдэнийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдсон гэх мэдээлэл байна?

-Өмнө нь Дарханы замтай холбоотой бүх албан тушаалтныг шалгана, 30 объектод нэгжлэг хийж байгаа гэдгийг мэдээлж байсан. Түүнээс хойш ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байсан. Ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд баривчлах үндэслэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай баривчилсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.