Украины цэргийн хүчин Луганск мужид нэвтэрч, зүүн бүсийн Грековка тосгоныг чөлөөлснийг албаныхан мэдээлжээ. Тус хэсэг дэх мөргөлдөөн энэ оны гуравдугаар сард эхэлснээс хойш Украины цэргүүд ийнхүү Луганск руу анх удаа урагшилсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украины дөрвөн бүс нутгийг улсдаа нэгтгэснээс хойш Оросын зэвсэгт хүчин Донецк, Херсон мужуудад хэдэн зуун квадрат км газар нутгийг алджээ. Сүүлийн өдрүүдэд Харьков, Донецкт амжилттай довтолгоо зохион байгуулсан украйн цэргүүд одоо Луганск мужийн нутаг дэвсгэрт хэд хэдэн талаас нь ойртож байгаа юм.
Олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгээс харахад, Донецк дахь Украины хүчнийхэн Луганскын Кременная хотоос 20 км-ийн зайд орших Терны хотод хүрсэн аж. Кременная нь оросуудын хувьд маш чухал хамгаалалтын шугам гэж шинжээчид үзэж байна.
Өмнөд хэсгийн Херсон мужид их хэмжээний хохирол амссан Оросын анги нэгтгэлүүд техник хэрэгсэл болон шархадсан алба хаагчдаа Днепр мөрний хамгийн ойрын гаталга руу нүүлгэн шилжүүлэхээр оролдож байгааг Украины эрх баригчид хэлжээ. Мөн Украины арми Херсоны Нововоскресенское, Новогригоровка, Петропавловка зэрэг илүү олон сууринг чөлөөлснийг Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн ч тэд мужийн нийслэл болон бусад стратегийн чухал бүс нутгаас нэлээд зайтай байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.