УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. Тэрбээр юуны түрүүнд улсын санхүүгийн нөөцийг хамгаалахад анхаарахыг хэлээд, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгөхийг хүсэв.
Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал туйлын өндөр, амаргүй цаг үед боловсруулагджээ.
Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байна.
Дэлхий нийтэд тодорхой бус байдал өндөр үед төсөв, мөнгөний бодлого нь харилцан уялдаатайгаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчны тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэжээ.
Эдийн засгийн өсөлт: ААН, хэрэглэгчид цар тахлын нөхцөл байдалд дасан зохицон бизнесийн үйл ажиллагаа тогтворжих хандлагатай болж, эдийн засгийн ихэнх салбарт өсөлт ажиглагдаж байна. Ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Ийнхүү экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өсөх хэдий ч гадаад орчны нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж буй.
Инфляци: Эдийн засгийн идэвхжил, өрхийн хэрэглээ тогтворжих хэдий ч нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө алгуур буурч инфляцийг бууруулах чиглэлд хөтлөхөөр байна. Ийнхүү ирэх оны эцэст инфляци нэг оронтой тоонд хүрж, инфляцийн зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй бөгөөд цаашид инфляцийг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Зээлийн өсөлт: Өнгөрсөн оноос эрчимжиж эхэлсэн банкны системийн зээлийн өсөлт сүүлийн саруудад саарч эхэллээ. Цар тахлын нөхцөл байдал, геополитикийн эрсдэл, системийн ач холбогдол бүхий банкуудын IPO-той холбоотойгоор зээлийн нийлүүлэлт, нөхцөл, шалгуур хэрхэн өөрчлөгдөх болон төлбөрийн тэнцлийн төлөвөөс банкны системийн эх үүсвэр, зээлийн өсөлт болон мөнгөний нийлүүлэлт шууд хамаарч байна.
Төлбөрийн тэнцэл: Сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч экспортын бодит орлого төдийлөн сэргээж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлээд байна. Цаашид экспортын биет хэмжээний өсөлт, ялангуяа нүүрсний экспорт эрчимжиж буйтай холбоотойгоор засагдах хүлээлттэй. Нөгөө талаас ханшийн өөрчлөлт, гадаад үнийн өсөлт импортын өсөлтийн хурдыг хязгаарлахаар байна. Гэвч төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын тохиргоог зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ дотоод, гадаад тэнцвэрийг богино хугацаанд хангах бололцоог бүрдүүлнэ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгасан.
Мөн гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарчээ. Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.
Түүнчлэн логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой. Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.
Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихийг зорьжээ. Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгосон байна.
Макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцийг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ.
Олон улсын харилцааны төвөгтэй байдал сунжирч, цар тахлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай бодлого юу юунаас чухал юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал, дүгнэлтийг Ц.Цэрэнпунцаг танилцуулж, төслийг хэлэлцэн дэмжиж, баталж өгөхийг хүслээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.