УИХ-аар хэлэлцэх 2023 оны "Улсын төсөв"-ийн талаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос байр сууриа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-УИХ-аар хэлэлцэх 2023 оны Улсын төсөвт МҮЭХ-ноос саналуудаа хүргүүлж байсан. Үүнд иргэдийн цалин хөлс нэмэх нэн шаардлагатай байгааг тэргүүнд тавьсан. Бодит цалин хөлсний худалдан авах чадвар хоёр жилийн хугацаанд 30 хувиар унасан. Монголчуудын дундаж цалин 450 орчим доллар байсан бол ханш 3350 болсноор 40-50 орчим доллароор буурлаа гэсэн үг.
Тиймээс цалин хөлсний доод хэмжээг 50 орчим хувь нэмж байж 2020 оны жишгээр худалдан авах чадварыг хадгалах боломжтой гэж харж байна. Төсвийн мэдэгдэл дээрээс харахад цалинг нэмэгдүүлсэн эх үүсвэр нь 250 орчим тэрбум төгрөг байна. Үүнээс харахад шинээр бий болсон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нэмэлт орон тооноос бүрдсэн цалингийн нэмэгдэл гэж харж байна.
Засгийн газар болон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт цалин хөлсийг инфляцын түвшнээс доошгүй хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс энэ амлалтаа хэрэгжүүлэх шаардлагыг МҮЭХ-ноос хүргүүлж байна.
Төрийн албан хаагчид зуны амралтаараа БНСУ-д ажиллаж байна. Монголд жил хуримтлуулж чадаагүй мөнгийг Солонгос улсад гурван сар ажиллахад хуримтлуулж байгааг дурдаж байна. Хөдөлмөрийн идэвхтэй насны залуучууд гадаадад очиж баялаг бүтээж өгч байгаа нь харамсалтай. Хөдөө орон нутагт төрийн албан хаагчаар ажиллах хүн олдохгүй байна. 260 ажлын байр зарлахад 60 хүн л ирж байна. Нарийн мэргэжлийн мэс заслын эмч Өмнөговь руу тээврийн жолооч хийхээр явж байх жишээтэй. Хүний нөөцийн эрсдэл үүсэж эхэллээ.
Судалгаагаар хүүхдийн мөнгөө хүссэн хүсээгүй авдаггүй 50 мянган хүн байна. Хүнийг орлогоор нь ялгахын оронд хүсэлт гаргаснаар нь хүүхдийн мөнгө олгодог болох хэрэгтэй. Хүүхдийн мөнгөөрөө хэрэглээгээ болгодог олон мянган айл өрх байна. Төрөөс ард иргэдийн цалинг нэмээд өгвөл хүүхдийн мөнгө заавал гуйгаад байх шаардлагагүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мянган ажлын байр байгаад хүн очихгүй ээ. Очсон нэг нь эхний 1 сар ажиллаад л эхнийхээ мөнгийг аваад л явна. Одоо бараг ажил хийх залуу хүн байхгүй гадаад руу гараад дуусаж байгаа биз!