Умард Солонгос өнөөдөр /2022.10.04/ өглөө дунд тусгалын баллистик пуужин харвасан бөгөөд тус пуужин нь Японы хойд нутгийн зарим хэсэг дээгүүр нисэж, эдийн засгийн онцгой бүсийнх нь ойролцоо Номхон далайд унасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ.
Энэ үеэр Японы Засгийн газар Хоккайдо аралд түгшүүр зарлаж, оршин суугчдыг хоргодох байр, автомашины зогсоол зэрэг "газар доорх байгууламж"-д нуугдахыг зөвлөсөн бөгөөд зарим галт тэрэгний үйл ажиллагааг түр зогсоосон байна. Албаныхны мэдээлснээр, пуужин Японоос 3000 км-ийн зайд Номхон далайд унасан ба энэ явдалтай холбоотой аливаа бэртэл гэмтэл бүртгэгдээгүй аж.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида Умард Солонгосын үйлдлийг эрс буруушааж, пуужингийн туршилтыг "хүчирхийлэл" гэж тодорхойлсон бол Засгийн газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаа зарлажээ.
БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдээлснээр, пуужинг өглөөний 07:23 цагт Умардын хойд нутгийн Жаганг мужийн Мупёнг-ри хэсгээс харвасан ба пуужин нийт 4500 км-ийн зайд аялсан байна.
Пёньян хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард дунд тусгалын баллистик пуужин хөөргөсөн билээ. Тэгвэл энэ удаагийн туршилт нь Солонгосын хойгт төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй өдөөн хатгалга бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг "илэрхий" зөрчсөн үйлдэл гэж Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс буруушааж байна.
Эх сурвалж: Yonhap, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ANU - NATO d ogch bga sanulga