Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2022.10.04/ Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ.
Сайд С.Бямбацогт Дэлхийн банк манай улсад олон чухал төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, урт хугацааны түнш гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн тус банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” нь Монгол Улсын зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран эхлүүлж буй томоохон төсөл гэдгийг дурдсан байна.
Энэхүү төслийн хүрээнд улсын чанартай нийт 311 км авто зам, 1205 у/м гүүрийн засвар, шинэчлэлтийн ажил, улсын чанартай авто замаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 16 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замыг шинээр барих, болон Өвөрхангай аймагт мах, махан бүтээгдэхүүнээр төрөлжсөн жишиг логистикийн төвийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр байгуулах, үндэсний логистикийн платформ шинээр хийх ажлыг тус тус хийхээр тохиролцсон.
Энэ ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх нэгжийг Сангийн яамтай зөвшилцөн байгуулахаар ажиллаж байгаа юм. Зээлийн хэлэлцээрийг Сангийн яамтай хамтран Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Засгийн газрын хуралдаанаар зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгосны дараа УИХ-д өргөн мэдүүлэхээ сайдын зүгээс хэлжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс уг төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж, хоёр тал цаашид төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, удирдлагыг томилж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Архангайн Булган сум руу зам тавина аа? Өөр тийш нэвтрэх ямар ч зам, гарцгүй модтой уулаар хүрээлэгдсэн, сумын бүх айл нь хотын 3,4 - р хорооллын 4 орцтой 9 давхар ганц байшинг дүүргэхгүй цөөхөн, зундаа намагтай, өвөлдөө байнга цастай, хөрс нь байнга хөдөлж байдаг, машинаас мориор хүрэх нь амар, хурдан сумын төв рүү асар их хөрөнгөөр цардмал зам тавина гэж ямар тэнэг нь төлөвлөж суудаг байна аа.