СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Холбоо тасарсан МИАТ-ийн хөлгийг Польшийн цэргийн онгоцууд бүсэлж авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Монгол Улсын иргэний нисэхийн салбарын гол байгууллага болох ИНЕГ, түүний харьяа алба, нэгжүүд, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдал алдагдаж, Төрийн тэргүүндээ үйлчилсэн хөлөг нь хүртэл харийн нутагт доголдсон талаар бид өмнөх цувралдаа нийтэлсэн.

Энэ удаа дайн тулаантай бүс нутагт байсан бол агаарын хөлгүүдийг өчиггүй устгаж болзошгүй эрсдэлтэй тулсан нэг бус нислэгийн талаар уншигчдадаа хүргэе.

Өөрөөр хэлбэл, нисгэгч, агаарын тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд, цаашлаад иргэний нисэхийн салбарынхны хэнэггүй, хайхрамжгүй байдлыг илтгэсэн баримтыг нийтэлж байна. Уг нь ИНЕГ эрхэм зорилгоо “Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэх” гэж тодорхойлсон байдаг. Иргэний нисэхийн салбарт аюулгүй байдал алдагдах болсноор 1990-ээд оны үеийнх шиг агаарын хөлгүүд осолдож, олон хүний амиар наадах вий гэсэн болгоомжлол төрүүлэх болсон юм.

ХЯТАДЫН ХИЛД ТУЛСАН НИСДЭГ ТЭРГЭНД “БОДЬ ИНТЕРНЭЙШЛ”-ИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮН СУУЖ ЯВАВ

2021.08.29.

Энэ өдрийн 16.30 цагийн үед манай улсын талаас нэгэн нисдэг тэрэг БНХАУ-ын агаарын хилийн бүсэд зөвшөөрөлгүй орж ирсэн гэх мэдээлэл өмнөд хөршийн хил хамгаалах байгууллагаас Өмнөговь аймаг дахь хилийн 0131 дүгээр ангид мэдэгдэж, шалгаж тодруулахыг хүсжээ.

Холбогдох байгууллагынхан эрэл сурал болж, тус аймгийн чиглэлд нислэг үйлдсэн агаарын тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг нягталсан аж. Ингэхэд хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Аргалант сумд агаарын хөлөг нь осолдсон “Монголиан эйрвейс” ХХК-ийн өөр нэг нисдэг тэрэг тухайн чиглэлд нислэг үйлдсэн нь тодорхой болсон гэнэ.

Өөрөөр хэлбэл, JU-6820 дугаартай R66 загварын нисдэг тэрэг л тухайн чиглэлд ниссэн байж.

Тэд Гашуунсухайтын боомтоос 10, Монгол Улсын хилийн хамгийн ойр цэгээс 7.3 км зайд ойртож очсон гэнэ. Гэвч тус компанийнхан “Манай агаарын хөлөг Шивээ уулын районд 10.15 цагт буусан, дахин нислэг хийгээгүй” гэсэн хариу өгчээ.

Харин 15.30 цагийн үед Ханбумбат буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь нисэх буудлын ажилтан нь төв рүүгээ холбоо барьж “Манай нисэх буудал дээгүүр жижиг онгоц яваад өнгөрлөө. Манайх руу нислэг байсан уу” гэж асуусан байгаа юм. Үүнээс үзэхэд “Монголиан эйрвейс” ХХК-ийнхан дураараа дургиж, ИНЕГ-таа ч мэдэгдэлгүй ийнхүү ниссэн бололтой.

ИНЕГ-ын харьяа нэгжүүдэд ч ажлын хариуцлага алдагдаж, хэний агаарын хөлөг, хаана нисэж явааг ч мэдэхгүй сууж байсан гэдэг нь эмгэнэлтэй

ЗТХЯ-ны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба (НТОЗШША)-ны тайланд “MGW1275 дуудлагатай, JU-6820 улсын бүртгэлийн дугаартай R66 нисдэг тэрэг нь ИНЕГ-ын 2021 оны наймдугаар сарын 29-ний “Хоногийн нислэгийн төлөвлөгөө”-нд Хар усан тохой (УБ, Гачуурт)-Шивээ уул район-Хар усан тохой чиглэлд захиалгат нислэг үйлдэхээр тусгасан байсан. Наймдугаар сарын 29-ний 07.22 цагт Хар усан тохойгоос нислэг эхэлж, 10.15-д Шивээ уулын раойнд бууж, хоноглохоор болсон. Өөр нислэг үйлдэхгүй гэж “Монголиан эйрвейс” ХХК-ийнхан мэдээлэл өгчээ.

Гэтэл уг нисдэг тэрэг нь 2021 оны наймдугаар сарын 29-ний өдөр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам барьж байгаа газрын дагуу нислэг үйлдэхдээ улсын хилийн зурвас руу зөвшөөрөлгүй орж, хилийн ... дугаар баганын чиглэлд Гашуунсухайтын боомтоос 10 км-ийн зайд ойртсон.

Уг нисдэг тэргээр “Бодь интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нисэж байсан бөгөөд хилийн цэргийн 0131 ангиас холбогдох шалгалтыг хийж, энэ зөрчлийг тогтоосон байгаа” гэжээ.

ХХЕГ-т БНХАУ-ын талаас хилийн төлөөлөгчийн шугамаар “2021 оны наймдугаар сарын 29-ний 16.30 цагт хилийн ... дугаар тэмдгийн чиглэлээр цагаан өнгийн нисдэг тэрэг 5000 м өндрөөр нислэг үйлдэж, улсын хилд тулаад зүүн зүг эргэж ниссэнийг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг илрүүлсэн” гэж тэмдэглэсэн албан бичиг ирүүлсэн байна.

Болсон явдлын талаар НТОЗШША-ныхан нисгэгч болон бусад хүнээс тодруулаад “Тухайн өдөр “Монголиан эйрвейс” ХХК-ийн нисдэг тэрэг Шивээ уулын районоос хөөрч, 11.30 цагт Тавантолгойн өртөө, Дэмчог уулын орчимд бууж 16.30 цагийн үед 208 дугаар кэмпэд нисэж очоод, тэндээсээ 18.00 цагт гарч, 18.45 цагт Шивээ уулын районд бууж хоноглосон” гэдгийг тогтоосон аж.

Эдгээр баримтад тулгуурлан НТОЗШША-ныхан дүгнэлтдээ “Монголиан эйрвейс” ХХК-ийн JU6820 дугаартай R66 агаарын хөлөг Ханбумбат нисэх буудлын дээгүүр D ангиллын агаарын зайд холбоо барилгүй нислэг үйлджээ. Мөн Гашуунсухайтын хилийн боомтоос 10, улсын хилийн хамгийн ойр цэгээс 7.3 км зайд байгаа нь Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 4.1.2-т заасан “Хилийн агаарын бүс/улсын хилийн шугамаас дотогш 30 км-ийн өргөнтэй нутаг дэвсгэр дээрх агаарын зай”, 8.1.4-ийн “Монгол Улсын хилийн агаарын бүсэд зөвшөөрөлгүй нислэг үйлдэх гэсэн заалтыг зөрчсөн.

Уг нислэг Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2010 оны зургадугаар сарын 10-нд байгуулсан гэрээний 21-т тусгасан “Талууд хилийн шугамаас өөрийн тал руу 25 км-ийн бүс дотор агаараас зураг авах, хэмжилт хийх, агаарын хөлөг нислэг үйлдэх тохиолдолд 15-аас доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа дипломат шугамаар урьдчилан мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.9-д Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль зөрчсөн бол торгох шийтгэл ногдуулахаар тусгасан байдаг. Харин “Монголиан эйрвейс” ХХК-ийнханд хариуцлага тооцсон, эсэх нь тодорхойгүй.

Хэрэв өмнөд хөрштэйгөө манайх хилийн маргаантай, сөргөлдөөнтэй байсан бол БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн холбогдох нэгжийнхэн канад нисгэгчтэй, “Бодь интернэйшнл”-ийн нөлөө бүхий эрхэм сууж явсан онгоцыг устгачихаж магадгүй л байсан бололтой.

НИСГЭГЧ НАР ХОЛБООНД ХАРИУ ӨГӨӨГҮЙ 41 МИНУТАД ЮУ ХИЙСЭН БОЛ

Хэрэв зээ МИАТ ХК-ийн агаарын хөлөг дайн, тулаантай орны дээгүүр нисэж яваад холбоондоо хариу өгөөгүй хэвээр байсан бол шууд устгаж ч болзошгүй нөхцөл байдалд орсон тохиолдлыг ЗТХЯ, ИНЕГ-ынхан нисгэгчид хариуцлага тооцсон болоод тэгсхийгээд нам дараад л өнгөрчээ.

2022.02.21.

Францын “Шарль де Голль” олон улсын нисэх буудлаас энэ өдөр хөөрсөн МИАТ ТӨХК-ийн JU-1021 бүртгэлийн, MGL7146 аяллын дугаартай “Боинг В767-300 ER” ачаа тээврийн агаарын хөлгийн нисгэгч нар 41 минутын турш нислэг хөдөлгөөний удирдах төвүүд, ойролцоо нисэж байсан агаарын хөлгүүдтэй холбоо барилгүй таг болсон байна.

Олон улсын стандарт цаг UTC-гийнхээр 11.45 цагт Парисаас хөөрсөн уг нисэх онгоц 12.13 цагт Германы RHEIN бүсийн нислэг хөдөлгөөний удирдах төвтэй холбогдсон аж.

Түүнээс хойш 41 минутын турш хэнтэй ч холбоо барилгүй явсаар Польшийн нутагт орж иржээ. Ингэхдээ ямар нэг мэдээлэл өгөлгүй, тухайн улсын хилээр ямар ч зөвшөөрөл авалгүй орчихож. Ямар ч холбоо барилгүй агаарын хилийн бүс рүү нь орсон “үл мэдэгдэх” хөлгийг зогсоохын тулд Польш Улсын зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийнхэн байлдааны хоёр сөнөөгч онгоцоо хөөргөж байж тусгаарлан хязгаарласан байна.

Өөрөөр хэлбэл, нисэхийн мэргэжлийнхний хэллэгээр Intercept гэх арга хэмжээ авч байж арай гэж холбоо тогтоосон гэнэ

Дээрх аяллын агаарын хөлгийг Польшийн байлдааны онгоцууд тусгаарлахаас өмнө Германы Агаараас хамгаалах хүчнийхэн холбоо барих гээд чадалгүй өнгөрөөсөн аж.

Тодруулбал, ХБНГУ-ын агаарын цэргийнхэн найман удаа дуудлага хийхэд МИАТ-ийн нисэх багийнхан нэгэнд нь ч хариу өгөөгүй юм байна. Улмаар 12.53 цагт тус улсын RHEIN бүсийн нислэг хөдөлгөөний удирдах төвийн радарын хяналтаас гарсан байгаа юм. Агаарын хөлгийн даргаар МИАТ ХК-ийн нисгэгч А.Энхжаргал, хамтран нисгэгчээр Б.Очирбат нар томилогдон явсан байдаг бөгөөд Германы Нислэг хөдөлгөөний удирдах төвтэй холбогдсоныхоо дараа . Унтсан уу, яасан бэ гэдгийг уг зөрчлийг шинжлэн шалгасан албаны хүмүүс тайландаа тодорхой тусгасангүй.

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хоёр байцаагчийн бичсэн дүгнэлтэд “Агаарын хөлгийн тоног төхөөрөмж, VHF радио долгионы хэвийн ажиллагаа, сансрын холбоогоор үйлчилгээ үзүүлэгч ARINC, SITA компанийн мэдээлэл дамжуулалтын төлөв, ACARS системийн хэвийн ажиллагааг шалгасан тайланг МИАТ ТӨХК-ийн дотоод хяналтын нэгжээс гаргуулан авч танилцсан. Тус тайлангаас холбоо тасарсан зөрчил нь техник, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалаагүй тухай мэдээлэл авсан. Шинжлэн шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх үеэр Иргэний нисэхийн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон” гэжээ.

Иргэний нисэхийн дүрэмд “Агаарын хөлгөөр A ангиллын агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь дараах үүрэгтэй:

1. Тухайн агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэх;

2. A-ангиллын агаарын зайг хариуцсан НХУ-ын нэгж өөрөөр зөвшөөрснөөсбусад тохиолдолд, НХУ-ын нэгжтэй холбогдох давтамжаар хоёр талын радио холбоог хадгалж байх, агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь тухайн агаарын хөлөг радарын хяналтад байх үед НХУ-аас тусгайлан хүссэн илтгэх цэгийн өнгөрөлтийг мэдээлнэ” гэж заасан байдаг.

Эдгээр заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн төдийгүй МИАТ компанийнхан ч уг зөрчлийг зохих шугамаар нэн даруй мэдээлээгүй нь тогтоогдсон байна.

Харин тухайн агаарын хөлгийн дарга А.Энхжаргал “Герман, Польшийн илтгэх цэг SUBIX-т ирээд RHEIN удирдлагын төвд илтгэх гэсэн боловч холбоо тогтоож чадаагүй тул өөр давтамжаар холбоо тогтоох оролдлого хийж байхад БНПУ-ын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцнууд дагасан. Warsaw нислэг хөдөлгөөний удирдах төвтэй холбоо тогтоосноор цаашид нислэг хэвийн үргэлжилсэн” хэмээсэн аж.

МИАТ-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхтамирын ЗТХЯ-нд хүргүүлсэн “Зөрчлийн мөрөөр авсан арга хэмжээний тухай” албан бичигт “ХБНГУ-ын нутаг дэвсгэрт MASEK өнгөрөлтийн цэг өнгөрөөд холбоо барьснаас хойш 40 минут нисэж, SUBIX цэгт хүртэл нисэх баг холбоо тасарсныг мэдээгүй. БНПУ-ын нутаг дэвсгэрт 17-18 минут орчим холбоо тасарсныг мэдээгүй, эсхүл давтамжийг буруу тохируулсан, чанга яригчийн дууг сул тохируулсан байна. JEPPESEN general fligth supplement booklet-ийн зургадугаар бүлэг дэх communication failure дүрэмд заасны дагуу ажиллаагүй. Зөрчилд холбогдсон нисэх багийг гүйцэтгэх захирлын тушаалаар нислэгээс буулгаж газрын сургалтад хамруулж байгаа” хэмээн мэдэгджээ.

МИАТ-ийн агаарын хөлөг Польш бус, хил залгаа Укрианы дээгүүр ямар нэг холбоо барилгүй нисэж өнгөрсөн бол Малайзын МН17-г газар агаар ангиллын “Бук” системээр устгасантай адил хувь заяа хүлээж байсныг үгүйсгэхгүй.

Тиймээс МИАТ ч, ИНЕГ-ын харьяа алба ч, агаарын тээвэрлэгч бусад аж ахуйн нэгжийнхэн ч нислэгийн аюулгүй байдал, ажлын хариуцлагаа нэн тэргүүнд сайжруулах нь чухал юм.

Бид цаашид нисэхийн салбарын санхүүгийн зарцуулалт, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар мэдээлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.117.164

yu l bolood bna daa hariutslaga gej haana ch algaa

Мантуу
1 жилийн өмнө
66.181.165.189

Охоо хийсэн байх аа

Зочин
1 жилийн өмнө
192.82.73.63

Гомо хоёр юмуу хаашаа юм бэ

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.204

Манай дүфрээнүүд хэзээ нэг хүний хөгжлөөр дэлхийн түвшинд ойртноо.

С.Эрдэнэ
1 жилийн өмнө
202.21.99.243

Монголд хариуцлага тооцож байсан үе хол хоцорсон байна, одоо сайн сануулаад өгөх хэрэгтэй ....

Эрдэм
1 жилийн өмнө
202.126.88.98

Мөн дөө, манайхан. Ганц хоёрыг нь буудаж унагааж байж ойлгоно.

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.74

Ф

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.19

Төрийн өмчит компанид хүний хөгжил хамгын доогуур аргагүй шүү арын хаалгаар ажилд орсон сайд дарга нартай холбоотой ах дүүс хамаатнууд сонгуульд ажилсан хүмүүс л байгаа 1990 ээд оны хувь хүний хөгжил 2022 онтой харьцуулахад хэдэн дипломоос өөр өөрчилөлт байгаа юм уу хамгын том жишээ иргэний нисэх болон төмөр зам гэх хоёр том төрийн өмчит газрууд дээр харж болно харин урд шинээр ажил нь эхэлсэн хөшгийн хөндий бол өөр шүү япончууд хэзээ ч арын хаалга танил тал гэхгүй харин нь доор нь байгаа монголчууд янз бүрийн юмаа гаргаж том боломжыг үгүй хийх магдлал байгаа шүү !!!!!

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.223

Одоо чинь 2022 он, хэдэн оны илэрсэн, баларсан үеийн юм бичээд байгаа юмбэ

Зочин
1 жилийн өмнө
103.212.116.40

Ккк.Бүдүүлэг заваан юмнууд олон хавар нэгэндээ гэж нэг өдөр л пин хийх вий.Ёстой улсын нэр гутаасан архичингууд юм биш үү!!

Чинтогтох
1 жилийн өмнө
178.197.165.80

Энэ л дутаж гэнэ дээ, арай хэтэрч байгаа пм биш үү???!!!

Zochin
1 жилийн өмнө
59.153.113.188

MIAT Covidoos hoish bish bolsoon. Hool, uilchilgee, ajlah tonog, zuragt alga, buh yum n yambiirsen bsan. Ongotsondoo zasvar yuren hiidegt ergelzsen? Zoriudaar dampuurulj huvichlah geed baij medne

Sum
1 жилийн өмнө
66.181.161.31

Yu ch bolson yumgui l.bn, hen neg n neg hunii ajliig avah geel zahialgaar medee bichuulj

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.