Канад-Монгол нарийн мэргэжлийн нүдний эмч нарын хамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнгөрөгч зургаадугаар сард Герман улсын Мишээл Хүүхдийн Сантай хамтран Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Ерөө, Жавхлант, Хүдэр сумдууд, Бугант, Дулаанхан тосгодын нийт 1500 гаруй хүүхэд шүд, амны хөндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдан эмчлүүлсэн.
Энэ удаад Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ болон Канад улсад төвтэй "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.
Долдугаар сард алслагдсан 12 сум болон аймгийн төвд нүдний тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд, ахмад настнуудад үнэ төлбөргүй сайн дурын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо явуулсан. Нийт 1128 иргэнийг үзлэгт хамруулахаас гадна өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг дадлагажих сургалтад хамруулсан ажээ.
Дээрх оношлогоонд хамрагдаж, хагалгааны заалтаар оношлогдсон нүдний болорын цайлттай 70, далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалт засах 1 нийт 80 гаруй иргэнд хагалгаа хийхээр төлөвлөснөөс 19 нь өнөөдөр үнэ төлбөргүй хагалгаагаа хийлгээд байна.
Канад-Монгол эмч нарын хамтарсан баг 10 дугаар сарын 7-ны өдрийг дуустал Сэлэнгэ аймагт ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.