Монгол Улс, Европын Холбоо хооронд 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн 27 дугаар зүйлд заасан “Монгол Улс, Европын Холбоо хооронд газар зүйн заалтын тухай” хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна.
Хэлэлцээг манай талаас Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа бол ЕХ-ны талаас тус холбооны Ази, Австралийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Раймондо Серра-гаар ахлуулсан баг хэлэлцээг явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Газарзүйн заалтын хэлэлцээр байгуулах ажлыг урагшлуулах чиглэлд талууд идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд 2019-2022 онд Монгол Улс, Европын Холбооны Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хурал болон газар зүйн заалтын асуудлаар хийсэн албан болон албан бус уулзалтуудыг хоёр тал хэд хэдэн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж ирсэн.
Мөн 2022 оны 9 сарын 26-27-ны өдрүүдэд Европын Холбоо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” СТРИЙМ төслийн хүрээнд “Газар зүйн заалтын ач холбогдол”-ын тухай семинарыг амжилттай зохион байгуулсан болно.
Монгол Улс Европын Холбоотой энэхүү газарзүйн заалтын хэлэлцээрийг байгуулах хэлэлцээрийг эхлүүлэх нь манай улсын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тэлж, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, газарзүйн заалттай бүтээгдэхүүний дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг агуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.