Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна.
Тус аяны хүрээнд өнөөдөр НОБГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөв.
Энэ үеэр Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:
-Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын дуудлага өсөх хандлагатай байна. Иргэд угаарын хийн хордлогод өртөхгүй байх бүрэн боломжтой. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.
Манай Хэрэглэгчдэд үйлчлэх төв айлуудад ялгарч байгаа угаарын хийн мэдээллийг хянаж эхэлснээс хойш угаарын дуудлага 90 орчим хувь буурсан. Хяналтын дэлгэцэд хоногт 20-30 дуудлага ирж байна. Тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа учир өнгөрсөн жилийн угаарын хийн хордлогод өртөгсдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа.
Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж байна гэлээ.
Шахмал түлш стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байгаа бөгөөд чанарын хувьд түлш стандартаа барьж байгааг мэдээлэв. Энэ тухай НМХГ-ын дарга С.Даваасүрэн:
-Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу түлшний чанар маш сайн байгаа гэлээ.
Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.
Тодруулбал, одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн бөгөөд борлуулалтын 473 цэгээр өдөрт 800-900 тонн түлш борлуулж байна. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулах ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.