Өнгөрөгч есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө ОХУ-ын иргэн "Д" манай улсын иргэн "Г"-г тархин тус газарт нь алхаар цохиж, хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл ГССҮТ-д маш хүнд байдалтай, ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан хохирогч "Г" /2022.09.30/ шархаа даалгүй нас барсан юм.
Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.
Тэрбээр:
-Тухайн иргэнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна. ОХУ, манай улсын хувьд 30 хоног харилцан визгүй зорчих хэлэлцээртэй. Энэ хүрээнд тус улсын иргэд манай улсад орж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо нэмэгдсэн юм. Өнөө өглөөний мэдээгээр манай улс руу орох талд нэг машин зогсож байна. Тэгэхээр ОХУ-ын иргэдийн орж ирэх урсгал өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс зогсонги байдалд орсон гэлээ.
Хэргийг эргэн сануулбал, 2022 оны есдүгээр сарын 25-ны 00:30 цагт Баянгол дүүргийн ... дугаар тоотод "Буриад улсын иргэн цагдаа дуудаад өгөөч гээд байна" гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход ОХУ-ын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн. Улмаар хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-ын гэрт түрээс төлж амьдрахаар 2022.09.24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна.
Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол Улсын иргэн “Г”, ОХУ иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтээсэн. “Д” үүний дараа цагдаад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдож хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.