СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-03

МСНЭ дэргэдээ "Ахмадын хороо"-той болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачлан “Ахмад Сэтгүүлчдийн Анхдугаар Чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 100 орчим сэтгүүлч оролцов.

Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхэд ахмад сэтгүүлчдийн туршлага, санал санаачилга, оролцоог бий болгох, улмаар тэдний үр нөлөөг сэтгүүл зүйн салбарт нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэхүү шаардлагыг ажил хэрэг болгох, манлайлал үзүүлэхийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн зорилго болгон ажиллаж байна.

Иймээс энэ удаагийн чуулганд “Ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх нь” үндсэн илтгэлийг МСНЭ-ийн Харилцаа, Хамтын ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Ууганбаяр тавьж хэлэлцүүлэв.

Мөн “Хариуцлагатай сэтгүүл зүйн асуудал, Ахмад залуу үеийн хамтын ажиллагаа” сэдвээр ахмад сэтгүүлч Ц.Сүхбаатар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. “Ярьдаг сэтгүүл зүй, редакторын үүрэг, ёс зүйн нөлөө” сэдвээр ахмад сэтгүүлч МУСГЗ Л.Мөнхтөр илтгэв.

Дээрх илтгэлүүд нь сэтгүүл зүйд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд ахмад сэтгүүлчдийн оролцоо, санал санаачилгыг хангахад чиглэж байна. Тэр дундаа ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх хэлбэрээр редакторлох арга зүйг залуу, хойч үедээ төлөвшүүлэхэд анхаарах юм.

Энэхүү чуулганы хүрээнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын санаачилгаар МСНЭ-ийн дэргэд Ахмадын хороо байгуулав. Ахмадын хорооны даргаар Б.Энхтуяаг томилов. Энэхүү зөвлөл нь уг чуулганаас гарсан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах, МСНЭ-ийн үндсэн үйл ажиллагааг ахмад сэтгүүлчидтэй холбох ажлыг эрхлэн явуулна.Тус Хороо нь чуулганаас гарсан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах, МСНЭ-ийн үндсэн үйл ажиллагааг ахмад сэтгүүлчидтэй холбох зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулна.

Түүнчлэн ахмад сэтгүүлчдээс бүрдсэн Ахмад Редакторуудын ёс зүй, Мэргэжлийн зөвлөл байгуулав. Энэхүү зөвлөл нь сэтгүүл зүйд дутагдаж буй редакторын үүрэг оролцоо, хэм хэмжээг тодорхойлж, шаардлагатай редакциудад сургалт өгөх, зөвлөх зэргээр үйл ажиллагаагаа явуулах юм.

МСНЭ нь редакциудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж, энэ хүрээнд ахмад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж буй юм. Цаашид ахмад болон дунд үеийн сэтгүүлчдийн оролцоотойгоор залуу сэтгүүлчдийг дадлагажуулах, чадавхжуулах чиглэлд санал санаачилгыг гарган ажиллахаар төлөвлөжээ.

Зөвлөмжийг бүрэн эхээр нь танилцуулья.

Сэтгүүл зүйн салбарын хөгжлийг түүчээлэгч эрхэм залуустаа  хандан дараах зөвлөмжийг  хүргэж байна.

Монгол Улс 3,409,000 хүн амтай. Тэдгээрийн 4700 орчим хүн хэвлэл мэдээллийн  500  орчим байгууллагад хөдөлмөр эрхэлж байна. Хүн амын тоотойгоо хэвлэл мэдээллийн байгууллагын тоог харьцуулах юм бол нэг редакци 6800 орчим хүнд зориулан үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг.

Монголын сэтгүүл зүйн хөгжил цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж буй боловч алдааг давтах, алдаанаас суралцах гэдэг ухагдахуун мартагджээ. Нэг хүний алдаа мянган хүний алдаа болж харагддаг салбар бол сэтгүүл зүй. Таны гаргасан жижиг алдаа том асуудлын эхлэл болдог тул нягтлах, дахин нягтлах, дахин нягтлах гэсэн соёл, хандлага сэтгүүл зүйн салбарт мөрдөх ёстой дүрэм, биелүүлэх шаардлагатай үүрэг болон төлөвшиж ирсэн билээ. Гэтэл энэхүү дүрэм мартагдаж, мэдээллийг нягтлах, дахин нягтлах гэдэг соёл алдагдаж, сонссон даруйдаа бусдад түгээх, уралдаж мэдээллэх, үүнээсээ болж алдаа гаргах давтамж өдрөөс өдөрт нэмэгдэх болов. Үүнд алдаа гаргасан хэн нэгэн бус сэтгүүл зүйн салбарт ажиллаж, хөдөлмөр эрхэлж буй хүн бүр буруутай. Бид нэгнээ засч залруулах, алдааг нь дахин давтан гаргахгүй байх талаар юу хийв гэдгээ тунгаах цаг болжээ.

Гэвч манай сэтгүүл зүйн салбарын хувьд үйл явдлын мэдээг шууд дамжуулах /live/, мэдээллийг олон эх сурвалжтай хүргэх бус зөвхөн нэг эх сурвалжаас дамжуулах, цаг үеийн ярилцлага, хэлэлцүүлэг зэрэгт ихэнх цаг хугацаа, хөдөлмөр зарцуулагдах болов. Үүний цаана сэтгүүл зүйн маш олон төрөл, жанр мартагдаж, мэдээллийг дамжуулах хэлбэр, агуулга орхигдож байна. Иймд хэвлэл мэдээллийн эзэд, гүйцэтгэх удирдлага та бүхэн сэтгүүл зүйн бусад төрөл, жанрыг хөгжүүлэх чиглэлд анхаарч, сэтгүүлч, уран бүтээлчдээ сургахад анхаарах цаг үе иржээ. Сэтгүүл зүйн зарим бүтээл нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулдаг боловч орлого бага олдог. Гэвч нийгмийн сайн сайхны төлөө энэ бүгдийг хийх нь сэтгүүл зүйгээ аварч буй үйлдэл юм.

Редакцийн соёлыг төлөвшүүлье. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын тоонд уламжлалт хэвлэл мэдээллийн тоо цөөрч, цахим мэдээллийн тоо нэмэгдэх болов. Үүнийг дагаад редакцийн соёл алдагдах болжээ. Иймд хэвлэл мэдээллийн байгууллага бүр редакцийн соёлд суралцах, редакцийн бүтцийг бий болгох шаардлагатай байна. Энэ хүрээнд ахмад сэтгүүлчид бид бүхэн та нартаа зөвлөж, туслахад бэлэн байна.

Сэтгүүл зүйн бүтээлийн алдааг, цахим алдаа засагчаар засаж болдоггүй. Өнөөдөр бичсэн мэдээ, мэдээлэл тань зөв эсвэл буруу болж буйг та үгийн алдаа зассан төдийхнөөр хэмжиж үл болно. Үгийн алдааг зассан л бол таны бүтээл зөв гэж бодож болохгүй. Редактор гэдэг бол үгийн алдаа засагч программ биш юм. Редактор бол сэтгүүл зүйн чанартай, манлайлагч бүтээл гарах үндсэн баялаг юм. Иймд редакци бүр редакторлах арга барилыг төлөвшүүлж, төгөлдөржүүлэхэд анхааръя.

Сэтгүүлч та бид мэдээлэл авах, мэдээлэл дамжуулах соёлыг түүчээлэгчид. Бид микрофон барьж, сэтгүүлчийн үнэмлэх өвөртөлсөн бол бусдаас давуу эрхтэй гэдэг хандлагаас салах цаг болжээ. Та бол мэдээлэл авахын тулд бусдыг хүндэтгэх, эрхийг нь хангах, хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд ажиллах үүрэгтэй. Түүнээс танд бусдын эрхийг зөрчих, бусдаас илүү эрх байхгүй. Иймд сэтгүүлч, редакци бүр мэдээлэл авах, мэдээллийг дамжуулах соёлыг хэвшүүлэн, уншигч, сонсогч, үзэгч түмэндээ үнэн зөв мэдээллийг, сэтгүүл зүйн хэм хэмжээ, соёлд тулгуурлан хүргэхийг эрмэлзэн ажиллахыг зөвлөе.

Иргэдийнхээ мэдэх эрхийг хангах их үйлсэд тань ахмад сэтгүүлчид бид өөрсдийн боломжийн хүрээнд дэм болж, та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэхүү зөвлөмжтэй хавсарган, илэрхийлж байна.

АХМАД СЭТГҮҮЛЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

Улаанбаатар хот

2022-10-03

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.