Улсын хэмжээнд ургац хураалт үргэлжилж, гүйцэтгэл ч боломжийн хэмжээнд байна. Өнгөрсөн сарын 28-ны байдлаар 82.8 мянган га-гаас 103.2 мянган тонн үр тариа хураажээ.
Үүнээс:
Хувиар нь авч үзвэл улаанбуудай 25.1, төмс 68.9, хүнсний ногоо 53.8, тэжээл 15.4, тосны ургамал 10.9 хувьтай байгаа аж.
Хэдийгээр ургац хураалтын явц боломжийн хэмжээнд байгаа ч улаанбуудай тариалахад шаардлагатай орцын үнэ цар тахлаас үүдэлтэй хил, гаалийн асуудлаас болж, 100-150 хувиар өсжээ.
Иймээс улаанбуудайн үнийг тонн тутамд 1.2 сая төгрөгт хүргэхээс өөр аргагүй талаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 24-нд мэдээлж байв.
Тодруулбал, улаанбуудайг I ангиллынх нэг сая, II ангиллынх 970 мянга, III ангиллынх 940 мянга, IV ангиллынх 880 мянган төгрөгөөр тооцож авахаа зарлаж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооноос гурилын үнийг хоёр дахин нэмэх болсноо мэдээлэв.
Тус холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн хэлэхдээ:
-Дотоодын зах зээл 340 мянган тонн улаанбуудай болон 240-260 тонн гурилын хэрэгцээтэй байдаг. Сүүлийн таван жилд дотоодоос 60-70, бусад улсаас 30-40 хувийг худалдан авч түүхий эдийнхээ хэрэгцээг хангасан.
Өнгөрсөн жил бид улаанбуудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилыг 1000-1100 төгрөгөөр борлуулж байв. Тариаланчдын холбооноос улаанбуудайн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулж гурилын үнээ танилцуулсан. Улаанбуудайн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэвэл буудай тарьдаг үр 980 мянга байсан бол 1.4 сая төгрөг буюу 15, бордоо 1.8 сая байсан бол гурван саяд хүрч 110, шатахууны үнэ 50 хувиар өсөж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөнтэй холбоотой.
Тариаланчдын холбооноос 1.2 сая төгрөг буюу 71 хувийн үнийн өсөлтөө нийтэд зарлаж, боловсруулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал болон техник хэрэгсэл урсгал зардлын өртөг тус бүр 20 хувиар өссөн. Иймээс бид 1.2 сая төгрөг гэсэн үнэд тулгуурлахад гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу улаанбуудайн үнэ 1.6-1.8 сая хүртэл үе шаттайгаар өсөх нөхцөл бий болсныг ард иргэд, харилцагчдадаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Гэтэл ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан өнгөрсөн долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдааны дараа:
-Манай улс энэ жил 570.8 га талбайд тариалалт хийгээд байна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өссөн.
Намрын ургац хураалтад 20-25 мянган тонн дизель түлш хэрэгтэй. Ургац хураалтын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг гаргаж, улаанбуудай, төмс, хүнсний ногоо хураахад зориулж 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ” хэмээн хэлж байжээ.
Засгийн газраас ургац хураалтад шаардагдах дизель түлшний үнийг болтугай хөнгөлж өгсөн ч амжилтыг эс олов.
Тэгвэл гурилын үнэ өссөнөөр иргэдийн өргөнөөр хэрэглэдэг талх, нарийн боовны үнэ ч өсөх нөхцөл бий болов. Ер нь ч хил, гаалийн асуудлаар түрий барьж, үнэ нь өсөөд буй дээрх барааны үнэ дахин өсөх болсон нь иргэдийн нуруун дээрх ачааг дахин нэмж, бухимдлыг нь төрүүлээд байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос “Тээвэр ложистик болон шатахуун, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж, бүтээгдэхүүний 30-50 хувиар өснө” гэж мэдээлсэн.
Гэтэл харьяа яамнаас одоог хүртэл ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 191 (6923)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.