Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр Гадаад харилцааны яамнаас тус чуулгыг "Монгол Улсын Соёлын элч" хэмээн өргөмжилсөнийг зарлаж, батламж гардуулан өглөө.
1992 оны долоодугаар сард Морин хуурын чуулга байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, 1993 онд бүрэлдэхүүнээ “бүтээж”, тус оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж “Морин хуурын чуулга” мэндэлсэн түүхтэй.
1996 оноос хойш энэ цагийг хүртэл Морин хуурын чуулга Япон, БНХАУ, Буриадын бүгд найрамдах улс, ӨМӨЗО, Хойд Солонгос, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Макао, Герман, Итали, ОХУ, Тайвань, Вьетнам, Хонгконг, Бельги, Португали, Казакстан, Халимаг зэрэг олон орны ард түмэнд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон хуурын аялгууг хүргэжээ.
Ингэхдээ дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн билээ. Тодотговол, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд эгшгээ хүргэсэн юм.
Морин хуурын чуулга нь 2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, 1999 онд Ж.Бизе-Н.Жанцанноров “Кармен” бүжгийн жүжгээр Бүх урлагийн дээд “Гоо марал – 00“ шагнал, 2010 онд Монголын урлагийг дэлхийд сурталчилсан шилдэг байгууллагаар “Гоо марал – 2010“ шагнал, 2004 онд “Дэлхийн Соёлын Нээлтийн их наадмын төрөлд Гран При шагнал /БНСУ/ зэрэг өөрийн болон олон улсын нэр шагналуудыг хүртсэн.
Морин хуурын чуулга, түүний бүрэлдэхүүний хамтлаг, уран бүтээлчдийн /хөгжимчин, дуучин/ ардын дууны “Торгоны хээ”, киноны хөгжмийн “ Хайраар хөгжимдөхүй”, шилдэг бүтээлийн “ Best”, японы шилдэг дуунуудаар бүтээгдсэн “Defune” зэрэг 30 гаруй төрлийн цомог гаргасан
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.