Сингапур улсын 64 настай иргэн Монгол улсын 160 гаруй охидыг хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгосон байж болзошгүй шалтгаанаар өчигдөр цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилжээ. Уг асуудлаар ЦЕГ-аас тодрууллаа.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Бямбабаяр:
-Сингапур улсын 64 настай иргэн нь Монгол улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгээ нууцаар хийж, улмаар тус бичлэгээрээ заналхийлсэн. Мөн гадаад улсад биеийн үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, охид эмэгтэйчүүдийг гадагшаа гаргасан байж болзошгүй байна.
Холбогдох алба хаагчид өчигдөр буюу 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, сэжигтнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлаас баривчилсан. Хэргийн газрын үзлэгээр гар утас, зөөврийн компьютер, Ipad, зөөврийн хатуу диск, мемори карт зэргийг тус тус хураан авсан. Урьдчилсан байдлаар Монгол улсын эмэгтэйчүүдийг Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.