Финланд улс өнөөдрөөс /2022.09.30/ эхлэн ОХУ-ын жуулчдад хилээ хааж буйг тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто мэдэгджээ.
Ингэснээр Оростой хиллэдэг Европын Холбооны хөршүүд нь бүгд адил хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, Польш, Эстони, Латви, Литва улсууд энэ сарын эхээр Оросын жуулчдад хилээ хаасан билээ.
Шинэ дүрмийн хүрээнд, Шенгений визтэй оросууд ч Финландад нэвтрэх боломжгүй бөгөөд зөвхөн тус улс дахь гэр бүлдээ зочлох, эсвэл ажил, сургалтын шугамаар нэвтрэхийг зөвшөөрнө гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа орос эрчүүд эх орноосоо дүрвэж, хилийн боомтууд дээр урт дараалал үүсгэх болсон. Оросын жуулчдаас виз шаарддаггүй Гүржийн хилээр олон тооны орос иргэн нэвтэрч байгаа ч Финландыг зорьсон зорчигчдын тоо мөн нэмэгдсэн тул хилээ хаах шийдвэр гаргасан гэж тус улсын албаныхан тэмдэглэжээ. Орос иргэдийн урсгал нь Финландын олон улсын харилцаанд аюул учруулж байгаа гэж ноён Хаависто хэлсэн байна.
Оросын цэргийн хүчин энэ оны хоёрдугаар сард Украинд түрэмгийлснээс хойш нэг сая гаруй орос иргэн Европын Холбооны орнууд руу нэвтэрчээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.