Засгийн газрын өчигдрийн /2022.09.28/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
Монгол Улсын ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18.7 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 20.2 их наяд төгрөг байхаар тусгажээ. Төсвийн алдагдал 1.5 их наяд буюу ДНБ-ий 2.8 хувтай тэнцэх аж.
“Төрийн хэмнэлтийн хууль-ийг энэ оны тавдугаар сард баталсан. Энэ хуулийн дагуу ирэх онд нэг их наяд төгрөг хэмнэх аж.
"Төсвийн хууль"-ийн хүрээнд ирэх онд баялаг бүтээгчдээ дэмжих татвар, төсвийн бодлого хэрэгжүүлнэ. Үүнд,
- Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг 2027 он хүртэл гаалийн татвараас чөлөөлж, IPO гаргасан компанийн хувьцааны ногдол ашгийн татвар дотоодод 10, гадаадад бол 20 хувь байдгийг 5 хувь болтол бууруулна.
- Хөрөнгийн оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, 10, 25 хувийн татварыг тэглэнэ.
- IT компаниудын гадаад руу шилжүүлж буй гадаад гүйлгээний татвар 20 хувь байсныг 5 хувь болгож багасгана.
- Гарааны компаниудыг татвараас 3 жил чөлөөлдөг байсныг 5 жил болгоно.
-Хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангахын тулд дулаан цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувиар, дараагийн 3 жилийн хугацаанд 5 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Улмаар нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
-Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах шатны үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлнө.
Энэ жилийн төсвийн бодлогын онцлог нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэмжихэд чиглэсэн аж
- Түгжрэлийг сааруулах үүднээс импортын шинэ автобусыг 2024 он хүртэл гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлнө.
- Нийслэлд ажилладаг аж ахуйн нэгж хамт олноо нийтийн тээврээр зорчуулж байгаа бол үүнд гарч буй зардал бүрд татварын хөнгөлөлт олгоно.
- Одоо 10 хувь байгаа Хувь хүний орлогын албан татварыг сарын 10 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 10-15 сая бол давсан хэсэг буюу 5 хүртэлх сая төгрөгт нь 15 хувь, 15 саяас дээш бол давсан хэсэгт нь 20 хувийн татвар ногдуулна.
-Төрийн албан хаагчдын цалингийн систем 165 шатлалтай байгааг 20 болгоно. Тухайлбал, төрд олон жил ажилласны нэмэгдэл 5 жил тутамд нэмэгддэг. Үүнийг жил бүр нэг хувиар нэмэх, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмээд, цаашид дахин нэмэх боломжийг нь орон нутагт өгнө.
- Уул уурхайн компаниудаас орон нутгийн иргэдэд өгдөг хандив, тусламжийг ил тод болгон хуульчилж зөвхөн "Орон нутгийн хөгжлийн сан"-д хандив өгүүлнэ.
Энэ бүх бодлогыг хэрэгжүүлснээр экспорт 2.4 тэрбум, импорт 2.1 ам.доллароор нэмэгдэх тооцоо гарчээ.
Ирэх онд хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1 их наяд 394.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь нийт хүүхдийн 91 хувьд очих аж. /Хүн амын өндөр ологотой хэсэг хүүхдийн мөнгөнөөс татгалзаж, бага, дунд орлоготой өрхөд хүүхдийн мөнгийг өгөх зохицуулалт хийнэ/
2023 онд хэмнэх боломжгүй, зайлшгүй нэмэгдэх 1.5 их наяд төгрөг /энэ оны тэтгэвэр нэмсэнтэй холбоотой шууд гарах зардал, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамжийн хөтөлбөрт 228 тэрбум төгрөг зарцуулах гэх мэт/ бий. Үүнд:
- Хөшгийн хөндийн газар доорх дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэхэд 68 тэрбум төгрөг,
-Нийслэлийн түгжрэлийг сааруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхэд 339 тэрбум төгрөг зарцуулна.
-Гадаад зээл тусламжийн хэмжээг өмнөх оноос 182 тэрбум төгрөгөөр нэмнэ,
-Орон нутгийн хөрөнгө оруулалтыг бууруулна.
-Бүх төрийн өмчийн үйлдвэрийн газарт шинэ хөрөнгө оруулалт хийхгүй.
-Шинэ хөрөнгө оруулалтыг эрчим хүч, боомт, боловсруулах чиглэлийн бэлтгэл ажилд чиглүүлэх ажээ.
Ирэх 2023 оны төсвийн төслийг өнөөдөр /2022.09.29/ УИХ-д өргөн барина.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.