Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газар болон Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд “Өмчийн эрх зүй ба эдийн засаг” сэдэвт сургалтад өчигдөр (2022.09.28) оролцжээ. Энэхүү сургалтыг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нийгмийн харилцааны суурь ойлголтын нэг бол эрх зүй, өмчийн харилцаа байдаг бөгөөд өмчийн харилцаан дээр шинэ санал санаачилга, зөв зохистой тогтолцоог бий болгоход өнөөдрийн сургалтын ач холбогдол оршиж байгааг онцолсон байна.
Сургалтад Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг Хууль зүйн ухааны орчин үеийн шинэ чиг хандлагын талаар мэдээлэл хийж, “Өмчийн эрх зүй ба эдийн засаг” сэдвээр илтгэл тавьжээ. Тэрбээр эрх зүй ба эдийн засаг, эрх зүй ба зан үйлийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудын талаар, наймаалцах онол ба хэлцлийн зардал, өмчийн эрх зүй ба баялгийн дахин хуваарилалт агуулгаар илтгэлээ танилцуулсан.
Илтгэлтэй холбогдуулан сургалтад оролцогсод асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Сургалтад танхимаар болон цахимаар 70 гаруй албан хаагч оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.