СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-09-28

Хүүхдээ ялгаварладаг төр буюу 320 тэрбумын хэмнэлт

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монголын төрд үнэхээр л шаардлагагүй зардлаасаа хэмнэе гэсэн чин хүсэл байдаг бол хүүхдийн мөнгөнд гар хүрэхээс өөр өчнөөн боломж, сонголт бий.

Харамсалтай нь улстөрчид маань тоо бодож, ам ангайх болгондоо хүүхдийн мөнгөнөөс яаж танах вэ гэж ухаанаа уралдуулж ирсэн. Тэд баян айлын хүүхэд төрөөс мөнгө авах ёсгүй гэж хэлдэг. Үнэндээ манай улсын хууль журмаар хүүхэд гэсэн тодорхойлолтод багтсан нэг ч иргэн “баян” биш. Тэдэнд өөрсдийн бүтээсэн баялаг, хөрөнгө мөнгө гэж үгүй. Ердөө л сурагчийн формтой хүүхдүүд шүү дээ.

Гэтэл төр, засаг нь ав адилхан хүүхдүүдэд зайрмаг авч өгөхдөө танай аав ээж мөнгөтэй гээд хэдхэнийг нь ялгаад үлдээчихэж байгаатай л агаар нэг. 

Энэ бол хамгийн том хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт юм. Угтаа хүүхдийн мөнгө бол тухайн айлын бэл бэнчингээр нь шалгуур тавьж өгч байгаа халамж биш. Ирээдүйд сурч хөгжих, мэдлэг боловсролд нь зориулах хөрөнгө оруулалт юм. Гэтэл ажил хөдөлмөр эрхэлдэггүй айлууд нь хэдэн давхар халамж хүртэж, цаг наргүй хөдөлмөрлөсөн хэсэг нь яагаад хохирч үлдэх ёстой гэж.

УИХ-ын дарга нь хүртэл хүүхдийн мөнгийг бизнес эрхлэгчдэд өгөхгүй гэж зарлалаа.

Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг Сангийн яам бэлэн болгохтой  зэрэгцээд хүүхдийн мөнгийг танах асуудал дахин босож ирэв.

Төсвийн шинэ зохиолын хөрсийг бэлтгэхдээ урьдын адил хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт өгнө. 100 мянган төгрөгөөр дутахгүй айлуудыг хасна гэсэн мэдээлэл улстөрчдийн амнаас энд тэндгүй “унаж” эхлэв.

Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар:

“Цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлснийг эргэж харах шаардлагатай. Нийт дүнгээр 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэдэг бизнес эрхлэгч, судлаачдын тоо байнга өсөж байгаа. Тиймээс ирэх жилийн төсвийн бодлогод Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Манай улсын өрийн байдал эрсдэл өндөртэй орнуудын тоонд орж байна. Бид өрөөр халамжийг санхүүжүүлж ирсэн. Тиймээс халамжийн бодлогыг цэгцтэй, оновчтой болгох зайлшгүй шаардлага тулгарч байна" гэж хэлсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна.

Тэгвэл өчигдөрхөн танилцуулснаар Сангийн яамныхан 2023 оны төсвийг зохиохдоо нэг их наяд төгрөг хэмнэхээр болжээ. Ингэхдээ ирэх оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг төсөвлөсөн байна.

Энэ үндэслэлээ Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлахдаа:

“Ирэх оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгөний хэмжээг өөрчлөхгүйгээр 100 мянган төгрөг байхаар тооцсон. Гэвч зардал нь өндөр тусаж байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг манай яам дэвшүүлээд байна. Тодруулбал, өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгохгүй байснаар 320 тэрбум төгрөгийн орон зай төсөвт үүснэ” гэлээ.

Эндээс харвал төр бүсээ чангалахдаа хүүхдүүдээс 320 тэрбум төгрөг хэмнэх ухаалаг бодлого зохиожээ. Өөрөөр хэлбэл, . Өндөр орлоготой байгаа нь өөрсдийнх нь буруу гэсэн хариу өгч буй юм.

Сангийн яамныхны судалснаар хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол үлдсэн 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг. Тиймээс өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайн тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий гэсэн мэдээллийг өгөв.

Өрхүүдийг хэрэглээ, түвшингээр нь ангилж тэдгээрт хэдэн хүүхэд амьдарч байгаагаар нь тооцсон үзүүлэлтийг мөн гаргажээ. Маш бага 176.6 мянга, харьцангуй бага 264.7 мянга, дундаж 449.9 мянга, дунджаас дээш 172.7 мянга, өндөр хэрэглээтэй өрхөд 124.2 мянган хүүхэд амьдарч байна гэлээ.

Сүүлийн жилүүдэд төрд маш их мэдээлэл цугларсан. НӨАТ-ын баримтаа уншуулдаг болсноор хэн хэдэн төгрөгийн орлоготой, хаанаас худалдан авалтаа хийдэг гэсэн хувь хүнтэй холбоотой мэдээллүүдийг авах боломж бүрдсэн юм.

Мөн ҮСХ-ны өрхийн орлого зарлагын судалгаа, банкууд дахь хадгаламж эзэмшигчид, ипотекийн зээлийн мэдээллийн санд суурилан өндөр орлоготой өрхүүдийг тодорхойлох юм байна.

Хэдэн жилийн өмнө хийсэн шиг айлуудаар явж, хөргөгч, зурагтыг нь тоолох ямар ч шаардлага байхгүй. Бүртгэл сайжирсан гэж Сангийн сайд Б.Жавхлан ярьсан юм. Тэрбээр:

“Хүүхдийн мөнгийг дөрвөн жилийн турш олголоо. Бид сар бүр өгдөг 100 мянган төгрөгийг бууруулах хувилбарыг судалсан ч олон иргэн эсэргүүцсэн. Мөн 16-18 насныханд олгох уу гэдгийг ч харгалзав. Гэвч тэд хүүхдэд тооцогдох тул эцэг эхчүүд мөн л хүчтэй эсэргүүцсэн. Гэхдээ цаашид хүүхдийн мөнгийг энэ хэвээр үргэлжлүүлбэл нийгмийн завхрал болно” гэв.

Энэ бүхнээс харахад боломж л гарвал хүүхдийнхээ мөнгөнөөс хумсалдаг. Эцэг эхийнх нь орлогын байдлаар ялгаварлан гадуурхаж төрийн бодлогын гадна үлдээдэг улс Монголоос өөр байхгүй. Хүүхдүүдээсээ 320 тэрбум төгрөг хэмнэлээ гээд эдийн засаг нь сэргэж, гадаад өр нь багасдаг бол хэмнэхээс яалтай. Төр бүсээ чангалах нэрийдлээр хүүхдүүдийнхөө хөгжил, сурч боловсрох эрхийг зөрчлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 187 (6919)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.