ОХУ-ын төв хэсэгт байрлах Ижевск хотын 88-р сургуульд зэвсэгт этгээд нэвтэрч, гал нээсний улмаас 17 хүн амиа алдаж, 24 хүн шархаджээ.
Амиа алдсан хохирогчид нь 11 сурагч ба хоёр багш, хоёр хамгаалалтын ажилтан байсныг тус улсын Мөрдөн байцаах хорооноос мэдээлсэн байна. Мөн шархадсан хүмүүсийн ихэнх нь хүүхэд байжээ. Нийт мянга орчим сурагчтай 88-р сургуулийн барилгаас одоо багш, сурагч, ажилчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
Халдлага үйлдэгч нь 1988 онд төрсөн Артем Казанцев гэх этгээд бөгөөд тэрээр хоёр гар буугаар зэвсэглэсэн байсныг албаныхан тэмдэглэсэн юм. Тус сургуулийн сурагч байсан Казанцев нь хэргийн газарт амиа егүүтгэсэн бөгөөд нацистуудын бэлгэдэл тэмдэг бүхий хувцас өмссөн байжээ. Одоо орон нутгийн мөрдөн байцаагчид түүний оршин суудаг байсан газарт нэгжлэг хийж байна.
Энэхүү халдлагын улмаас тус бүс нутаг даяар энэ сарын 29-н хүртэл гашуудал зарлахаар шийдвэрлэсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг "хүнлэг бус террорист халдлагад гүнээ гашуудаж" буйг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.