СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-09-27

“Уянга” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг анх удаа Улаанбаатарт нээв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Уянга” уран бичлэгийн олон улсын ес дэх удаагийн үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл /МУЭ/-ийн “Бичиг соёл” галерейд нээлээ.

Өвөрмонголын Шинэ Барга баруун хошуу, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар хамтран 2014 оноос жил бүр зохион байгуулж ирсэн тус үзэсгэлэнг өнөө жил Улаанбаатар хотод анх удаа дэлгэж буйгаараа онцлог бөгөөд ОХУ, БНХАУ, Франц, Монгол Улсын 50 гаруй уран бүтээлч оролцжээ. 

"Уянга-2022" үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын суртчилгааны хэлтэс, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар,“Бичиг соёл” төвтэй хамтран зохион байгуулж буй аж. Мөн Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, МУЭ, Дорнод аймгийн Төв номын сан, Хөлөнбуйрын Шинэ Барга баруун хошууны “Утга урлагийн холбоо”, “Уран бичлэгийн нийгэмлэг” зэрэг байгууллага дэмжин оролцжээ.

“Уянга” үзэсгэлэнг нээх ёслолын үеэр “Олон улсын монгол уран бичлэгийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар хэлэхдээ, “Өвөрмонголын уран бүтээлчид Дорнод аймагт зохион байгуулдаг үзэсгэлэнгээ нэг шат ахиулж, улсын нийслэл Улаанбаатарт хүргэж ирсэнд бид их баяртай байна. Хойшид манай бичиг соёлын уран нямбай, угалз хээт тансаг бичлэгийн ийм үзэсгэлэн өрнөн хөгжих нь манай залуу үеийнхэн, монгол туургатан бүхэлдээ монгол бичгээ, хэл соёлоо хадгалж явах, мандуулж хөгжүүлэхэд ихээхэн ач тустай”-г  тодотгов. 

 "Уянга" үзэсгэлэнг 10-р сарын 15–ыг хүртэл МУЭ-ийн "Бичиг соёл" галерейд олны хүртээл болгох юм 

Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Утга урлагийн холбооны тэргүүлэгч Сарнаа цахимаар илгээсэн мэндчилгээндээ, "Урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан олон улсын соёл урлагийн солилцоонд нэмэр болж, уран бичлэгийн үзэсгэлэнгийнхээ цар хүрээг жилээс жилд өргөжүүлж байгаа нь чухал бөгөөд "Уянга-2022" үзэсгэлэнг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь нэгэн дэвшил юм" хэмээн онцолжээ.

Түүнчлэн “Бичиг соёл төв”-ийн тэргүүн, уран бичлэгийн мастер Д.Ганбаатар хэлэхдээ, “Дараа жил тус үзэсгэлэнг Дорнод аймагт мөн олон улсын хэмжээнд зохион байгуулна. Хилийн хорионоос болоод гадаад уран бүтээлчид энэ удаад хүрэлцэн ирж чадаагүй ч бүтээлүүдээ шуудангаар илгээсэн. Монголын түүх, соёл, уламжлалтай холбоотой сэдвийн бүтээл өнөө жилийн үзэсгэлэнд түлхүү ирлээ. Монголчууд сүүлийн үед бийрээс гадна, хулсан үзгээр их бичих болсныг үзэсгэлэнгийн бүтээлүүдээс харах боломжтой. Энэ мэтээр Монгол, Өвөрмонгол, буриад, халимаг уран бичээчдийн өвөрмөц онцлог, ялгаа, урлалын чиг хандлагыг үзэсгэлэнгээс ирж үзэхийг урьж байна” гэсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.