Хүүхдэд озон эмчилгээ хийж байгаа тухай цахим сурталчилгаа явуулсан “Сисди мед” компани нь Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь шалгалтаар тогтоогдлоо хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.
"Сисди мед” ХХК нь өөрийн “Sisdi medical wellness” твиттер хаягт “Улирал солигдон ханиадны вирус дэгдэж буй энэ эрсдэлтэй үед бяцхан үйлчлүүлэгчид маань биеийнхээ дархлааг дэмжиж Озонтой дуслаа хийлгэж суугаа нь мундаг биш гэж үү, мөн Озонжуулсан усаа уухаа ч тэд мартаагүй. Бяцхан үрс эрүүл байг” гэсэн агуулгатай зар сурталчилгааг дусал хийлгэж буй хүүхдийн видео бичлэгийн хамт байрлуулан олон нийтийн сүлжээгээр түгээснийг ШӨХТГ-аас шалгасан байна.
Хяналт шалгалтын явцад уг компани нь Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх үйл ажиллагааны чиглэлд нь:
- Гоо сайхны ариун цэврийн барааны худалдаа
- Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа
- Онлайн худалдаа
- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах; гэж заасан байна.
Хяналт шалгалтаар тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эмчлэх, сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.