Өнөөдөр ХДХВ буюу ДОХ-ын эсрэг тэмцэхэд дэлхийн нийтээрээ анхаарлаа хандуулж байна. Хүн төрөлхтний түүхэнд тохиосон эдгэшгүй, урьдчилан сэргийлэх тарилгагүй үхлийн өвчний халдвар тархсаар, аюулын харанга нүдсээр.
Манай улсад ДОХ-ын халдвар тээгч 267 хүн илэрсэн ч эдгээр хүмүүсийн цаана эмч мэргэжилтнүүдэд хандаагүй, халдвар авсан гэдгээ өөрөө ч мэдээгүй хэдэн хүн явааг мэдэх аргагүй.
Монгол улс мөнхийн хоёр хөрштэй. Тиймээс хил залгаа оршдог хөршүүдээсээ халдвар тээх магадлал өндөр.
ХДХВ/ДОХ-ын халдвар Хятадад
Монголчууд хамгийн их зорчдог улс бол яах аргагүй Хятад, манай эдийн засаг ч хараат байдаг. Хятадад өнөөдөр ХДХВ/ДОХ-ын тархалт нийт 1,4 тэрбум хүн амын 0,1 хувийг эзэлж байна. Энэ нь Япон, Австрали, Их Британи улсуудтай ижил тоо баримт юм. Тодруулбал Хятадад 430 мянгаас 1,5 сая хүртэл хүн халдвар тээгч ажээ.
Хамгийн анх 2009 онд Хятадын Засгийн газар албан ёсоор ДОХ-ын өвчлөлийн тухай мэдэгдэл хийж, 2008 оны эхний есөн сарын байдлаар 7,000 иргэн ХДХВ-ээр халдварлаж амиа алдсан тухай мэдээлжээ. Халдвар тараагч нь голчлон судсаар мансууруулах бодис таригчид болон биеэ үнэлэгчид, ижил хүйстнээ сонирхогч залуус байдаг байна. 2014 оны судалгаагаар 21,000 хүн ДОХ-ын улмаас амиа алджээ.
ХДХВ/ДОХ-ын халдвар ОХУ-д
Манай орны ахан дүүсийн барилдлагатай ойрын холбоотон бол ОХУ. Орост сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ-ын тархалт хурдацтай өсөн нэмэгдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Нийт хүн амын нэг хувь нь үхлийн вирусээр халдварласан гэжээ.
Хамгийн анхны халдвар авсан тохиолдол тус улсад 1987 онд илэрч байжээ. 2015 онд ДОХ-ын халдвар авсан 95,000 хүн бүртгэгдсэн бол 2016 оны эхний есөн сард 75,000 хүн шинээр халдвар авсан байна. Монголчуудын хамгийн их очдог Эрхүүгийн бүс нутагт ХДХВ-ын халдвар авсан 36,000 хүн амьдарч байгаагийн 12,000 нь эмчилгээнд хамрагджээ.
ХДХВ/ДОХ-ын эмчилгээ..?
Хүн төрөлхтөн одоогоор ДОХ-ыг зуун хувь эдгээх эм, эмчилгээ аль эсвэл урдчилан сэргийлэх тарилга хараахан гаргаж аваагүй. Гэхдээ халдварыг эрт шатанд илрүүлж, тохирох эмчилгээ хийлгэхийн сацуу дархлаагаа дэмжиж эдгэсэн тохиолдол байдаг.
Канадын Засгийн газар ДОХ-ын халдвар авах хамгийн өндөр магадлалтай ижил хүйстнээ сонирхогчид, биеэ үнэлэгчид, мансууруулах бодис судсаар тарьдаг хүмүүст “PrEP” сэргийлэх эмийг үнэгүй тарааж байгаа юм. Уг эмийг тогтмол хэрэглэж байгаа тохиолдолд ХДХВ-ээр халдварлахаас 80 хувь хүртэл сэргийлэх боломжтой байна.
Тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзаж, хамгаалалт хэрэглэж заншихыг уриалж байна.