“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрийг АТГ-ынхан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Түүнийг бараа, ажил, үйлчилгээ авах шийдвэр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гаргаж, худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгасан байдаг. Улмаар алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэрэгт холбогдуулсан. Тэгвэл дээрх шүүхэд шилжүүлсэн хэрэг нь О.Баттөмөрийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдэл аж.
Тодруулбал, “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 800 сая төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд байрлах “Роял каунти” хотхон дахь 200 ам метр талбайтай орон сууц, автомашины хоёр ч зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.