МСНЭ-ийн урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй сэтгүүлчид манай улсад хүрэлцэн ирлээ.
Өчигдөр /2022.09.19/ хоёр орны сэтгүүлчдийн байгууллага ирэх жилүүдэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцээр хийж, үүний дараа хамтарсан мэдээлэл хийлээ.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
-Хоёр тал тодорхой асуудлаар санал солилцсон. МСНЭ, БНСУ-ын сэтгүүлчдийн холбоотой 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Найман жил үргэлжилж буй хамтын ажиллагаагаа цаашид нэг шат ахиулах, улам гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.
БНСУ-ын сэтгүүл зүйн салбараас Монголын сэтгүүлчид туршлага судлах, сэтгүүлч солилцоонд анхаарал хандуулах талаар бид хүсэлтээ илэрхийлсэн. Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д 2023 онд зохион байгуулна. 25 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг форумд оролцоно. Аравдугаар сард багтааж МСНЭ-ийн төлөөлөл БНСУ-д айлчлахаар болсон.
Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун:
-Бид 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Өмнөх хоёр удаад дулаан үед ирж байсан. Энэ удаа сэрүүн үе таарлаа. Гэсэн ч монголчуудын сэтгэл урьдын адил дулаан хэвээр байгаад талархаж байна.
Хоёр байгууллагын удирдлага уулзаад харилцан хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийж, чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа. Олон улсын хамтын ажиллагаа манай сэтгүүлчдийн холбооны таван бодлогын нэг. Тиймээс манай холбооны хувьд харилцан хамтын ажиллагаа нь чухал асуудлуудын нэг мөн. Албан ёсны хэлэлцээрээр дамжуулан МСНЭ-тэй харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр санал солилцлоо.
Цар тахлын улмаас хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байсан. Энэ удаагийн айлчлалаар гарсан шийдвэрүүд дээр үндэслэн хамтын ажиллагаагаа сэргээнэ гэж найдаж байна.
МСНЭ-ээс сэтгүүлчдээ БНСУ-д богино болон урт хугацааны сургалтад хамруулах тал дээр эхний шатны яриа хэлэлцээг байгууллаа. Энэ хүрээнд хоёр талаасаа санаачлагатай ажиллаж ойрын хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарахаар болов.
Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хоорондыг холбох ажлыг сэтгүүлчдийн холбоод зохион байгуулж, гүүр болон ажиллана. Редакци хоорондоо олон талаар хамтран ажиллах талаар эхний санал гарав.
МСНЭ болон БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь хоёр орны хэвлэл мэдээллийн хоорондын харилцаанаас гадна аялал жуулчлал, соёл зэрэгт үлгэр болохуйц ажлыг санаачлан хэрэгжүүлдэг байхаар ярилцлаа.
Хуурамч мэдээлэл, дэлхийн дулаарал гэх мэт сэдвийн хүрээнд дараа дараагийн туршлага солилцох айлчлалыг зохион байгуулахаар санал гарав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.