Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулан тавьсан билээ.
УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн театрын төв West End-д тоглохоор бэлтгэл ажиллаа оржээ. Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм.
“Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байгаа аж. “Wild Yak” продакшн нь Лондонгийн West End болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулдаг туршлагатай продакшн юм.
Найруулагч Б.Баатар энэ оны 9 дүгээр сард Лондон хотноо хүрэлцэн очиж, “Тамгагүй төр” жүжгийг тавих боломжит театруудаар зочлон “Wild Yak” продакшнтай ажлын төлөвлөгөөгөө ярилцжээ. “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр найруулахаар ажиллаж буй судлаач Жон Мэн, жүжгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нартай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлсэн байна.
Найруулагч Б.Баатартай уулзсан британийн продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.