Румын улсад зохиогдож буй 14,16,18 насны шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 16 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн ФИДЕ мастер Д.Мөнхзул 11 өрөг тоглосноос долоон хожил, гурван тэнцээ авч, 8.5 оноогоор алтан медаль хүртэн, дэлхийн аварга боллоо.
Д.Мөнхзул өнгөрсөн наймдугаар сард Энэтхэгт болсон ФИДЕ-ийн Шатрын 44 дүгээр олимпиадад 162 орноос 15 дугаар байрт шалгарсан Монголын шатрын эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглосон билээ. Энэ удаа Д.Мөнхзулын ангилалд 87 шатарчин өрсөлдсөнөөс АНУ, Герман, Хорват, Канад, Голланд, Казахстан, Аргентиний шатарчдыг хожиж, Франц, Голланд, Украиний шатарчидтай тэнцэн, Вьетнамын тамирчинд хожигджээ.
Д.Мөнхзул 16 хүртэлх насны охидын дэлхийн аварга болсноор шатрын эмэгтэйчүүдийн Олон улсын мастер цолыг хүртжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.