Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Магдалена Андерссоны Социал-демократ нам өнгөрөгч ням гарагт болсон сонгуульд ялагдал хүлээсний дараа тэрээр огцрох шийдвэрээ танилцуулжээ.
Сонгуулийн нийт саналын 99 хувийг тоолсны үр дүнд Магдалена Андерссоны зүүн төвийн эвсэл 173 суудал авч, харин баруун жигүүрийн намуудын эвсэл 176 суудал авах төлөвтэй байна. Тус улсын уламжлал дагуу сонгуулийн эцсийн үр дүнг дахин тоолсны дараа ялалтыг баталгаажуулах ёстой ч хатагтай Андерссон өнгөрөгч лхагва гарагт ялагдлаа хүлээн зөвшөөрч, пүрэв гарагт албан ёсоор огцорно гэж мэдэгдсэн юм.
Гэмт хэргийн бүлэглэл, цагаачлалаас гадна эрчим хүчний үнийн хөөрөгдлийн асуудлаарх кампанит ажил давамгайлсан уг сонгуулийн өрсөлдөөн ийнхүү маш ойрхон өрнөжээ. Социал-демократ нам 1930-аад оноос хойш тус улсын улс төрд ноёрхож, 2014 оноос хойш эрх барьж байсан ч Шведийн Ардчилсан нам, Модерат нам, Христийн ардчилсан нам болон Либералуудаас бүрдсэн дөрвөн намын эвсэл ялалт байгуулснаар Шведийн улс төрийн хувьд чухал эргэлтийн үе эхэлж байна.
Шведийн Ардчилсан нам нь 1980-аад оны сүүлчээр неонацист хөдөлгөөнөөс үүссэн боловч түүнээс хойш нэр хүндээ цэвэрлэхийг оролдохын зэрэгцээ аажмаар хүчирхэгжсэн билээ. Нэгэн цагт улс төрийн намуудын хувьд өрсөлдөгч биш байсан тус нам одоо 20 орчим хувийн санал авсан бөгөөд цагаачлалыг хязгаарлаж, хорих ялыг уртасгах замаар "Шведийг дахин аюулгүй болгоно" гэж амласан юм.
Гэхдээ уг намын дарга Жимми Акерссон эвслийн дөрвөн намаас бүрэн дэмжлэг авч чадаагүй тул түүний оронд Модерат намын удирдагч Ульф Кристерссон шинэ Ерөнхий сайд болох ба удахгүй Засгийн газраа байгуулж эхэлнэ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.