ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар Дорнод аймгийн Эрээнцав боомтод ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогод боомтын сэргэлт тусгагдсан. Монгол улс өнөөдрийн байдлаар 42 боомттой. Эдгээр боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засагт шууд нөлөө үзүүлэх томоохон боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Шинэ сэргэлтийн бодлогын нэг чухал зүйл нь боомтын сэргэлт. Монгол Улсад нийт 42 хилийн боомт үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаа Эрээнцав, Хавиргын боомтуудаар явж, үйл ажиллагааг нь ойрын жилүүдэд хэрхэн сайжруулах вэ, экспортын бүтээгдэхүүнээ яаж гаргах, худалдан авах чадварыг нөхцөл байдалтай танилцаж байна.
Монгол Улсын эдийн засагт Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээ хүрэн зэрэг томоохон боомтууд ихээхэн нөлөө үзүүлдэг. Мөн баруун талдаа Булганы боомт Хөшөөтийн уурхайн нүүрсийг гаргадаг. Дээрх боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар нэн түрүүнд анхаарч ажиллана. Үүний дараа Дорнод аймагт орших Эрээнцав, Хавирга, Баянхошуу боомтуудад анхаарна. Учир нь эдгээр боомтууд бол Монгол улсын эдийн засгийг тэтгэх боомтууд юм.
Монголын Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан зүүн болон баруун тэнхлэгийн төмөр зам бол Ази Европыг холбосон богино рейсын төмөр зам. Энэ төмөр замаар хоёр тал руугаа экспорт хийх боломжтой болно. Дан ганц экспорт бус өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломж бий. Засгийн газрын зүгээс Дорнод аймгийн тойрон байрлаж буй ОХУ -тай хиллэдэг 2 боомт, БНХАУ-тай хиллэдэг 3 боомтын үйл ажиллагааг ойрын үед сэргээж, авто болон төмөр замаар холбох ажлыг ирэх жилээс хэрэгжүүлнэ.
Монгол улсын экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Ойрын жилүүдэд уул уурхай салбар дээрээ тулгуурлаж, эдийн засгаа сэргээх бодлого барина. Харин ЭЗХЯ эдийн засгийг төрөлжүүлэх бодлого барина.
Эрээнцавын боомтоор өнөөдрийн байдлаар нүүрс, цайр, төмрийн хүдэр экспорт хийж байна. Цаашид хадлан тэжээлийн бүтээгдэхүүнийг экспорт хийх боломжтой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.