ОХУ 2014 оноос хойш 24 гаруй орны улстөрчдөд нөлөөлөхийн тулд 300 гаруй сая ам.долларыг зарцуулсан гэж АНУ-ын тагнуулын албаныхан тогтоожээ.
Өнгөрөгч мягмар гарагт нууцын зэрэглэлээс гарсан мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийсэн АНУ-ын Төрийн департмент Оросын бай болсон тодорхой улс орон, албан тушаалтнуудыг нэрлээгүй ч хөндлөнгөөс оролцох ажиллагаа дөрвөн тивийг хамарсан гэж тэмдэглэсэн байна. Тэгвэл нэрээ нууцалсан нэгэн албаны эх сурвалж, ОХУ-ыг 2017 онд болсон Албанийн сонгуульд тус улсын Ардчилсан намыг дэмжихийн тулд 500 мянга орчим ам.доллар зарцуулж, Босни, Монтенегро, Мадагаскар дахь нам эсвэл нэр дэвшигчдийг санхүүжүүлсэн гэж "AFP" агентлагт мэдээлжээ.
Мөн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан "Тагнуулынхан Оросыг хамгийн багадаа 300 сая ам.доллар зарцуулсан гэж үзэж байгаа бөгөөд ил болоогүй тохиолдлуудад илүү их санхүүжилтийг нууцаар шилжүүлсэн байх магадлалтай" гэсэн юм. Тодруулбал, Москвагийн зүгээс зохиомол компаниудаар дамжуулан Европын намуудыг санхүүжүүлж, өөр улс оронд нөлөөлөл худалдаж авдаг хэмээжээ.
Харин ОХУ-ын эрх баригчид энэ асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Кремлийн эрх баригчид өмнө нь АНУ-ыг ч мөн бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож, тэр дундаа төрийн эргэлтүүдийг нууцаар дэмждэг гэж буруушааж байсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
300 сая $ бол юу ч зарцуулаагүй гэсэн үг. Харин АНУ элдэв өнгөт хувьсгал, түүгээр гарч ирсэн дэглэмүүдээ дэмжих, ардчилалыг хамгаалах зэргүүддээ 3 их наяад $ зарцуулдаг байх.