Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай "Монгол Улсын Аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн наадам Ховд аймгийн төвд үргэлжилж байна.
Энэхүү арга хэмжээг 82 жилийн дараа Ховд нутгаас Улсын наадмын түрүү бөхөөр тодорсон Оргихын Хангай, долоо давж Улсын заан цол хүртсэн Баярхүүгийн Бат-Өлзий, тав давж Улсын начин цол хүртсэн Батдоржийн Сосорбарам болон Урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн Мөнхзориг, хэт холын зайн гүйлтийн олон улсын мастер болсон Чулуудайн Батжаргал нарт хүндэтгэл үзүүлэн зохион байгуулж байгаа юм.
Энэ үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаав.
Мөн энэ үеэр Ховдын брэнд болсон тарвасаар дагнасан “Тарвас эвент” болсон. Уг эвентээр дамжуулан Ховд нутгийн хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох тарвас брэндээ сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьжээ.
Тус арга хэмжээнд 100 гаруй тариаланчид оролцож, тарвасаар ундаа шүүс, цэлцгэнүүр, чихэр, зайрмаг торт зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийж олон нийтэд сонирхууллаа.
Мөн “Хамгийн том тарвас”, “Тарвасаар хамгийн олон бүтээгдэхүүн хийх”, “Тарвасан дээрх сийлбэр” зэрэг гурван төрлөөр шилдэг бүтээл шалгаруулжээ. "Тарвас эвент"-эд оролцсон тариаланчдаас Буянт сумын тариаланч О.Октябрийн тарьж ургуулсан тарвас 16.8 кг татаж тэргүүн байранд шалгарсан байна.
Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Дашрамд дурдахад, Ховдын тариаланчид энэ зун 500 гаруй га талбайд тарвас тариалж, 6000 гаруй тонныг хураан авчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.