Канадын хос Эдит Лемай, Себастьян Пеллетье нар том охин Миагаа харааны асуудалтай болсныг анх анзаарахад тэр дөнгөж гурван настай байжээ. Ингээд тэд түүнийг мэргэжлийн эмчид үзүүлснээс хойш хэдэн жилийн дараа Миа "retinitis pigmentosa" гэх ховор өвчнөөр оношлогдож, ирээдүйд бүрэн хараагүй болох өндөр магадлалтай нь тогтоогдсон байна.
Тухайн үед хосын хоёр хүү Колин, Лорент нарт ч мөн ижил шинж тэмдэг илрэх болсон ба хөвгүүд 2019 онд мөн адил өвчнөөр оношлогджээ. Харин тэдний том хүү Лео энэ өвчнөөр өвчлөөгүйг мэргэжилтнүүд хэлсэн байна. Одоогоор "retinitis pigmentosa"-гийн явцыг удаашруулах, үр дүнтэй эмчилгээ байхгүй бөгөөд Лемай энэ талаар "Бидний хийж чадах зүйл үнэндээ байхгүй. Өвчний нөлөөлөл хэр хурдан байхыг хэлж мэдэхгүй ч хүүхдүүд маань дунд насандаа бүрэн хараагүй болно гэж эмээж байна" хэмээжээ.
Энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн Лемай, Пеллетье нар хүүхдүүддээ ирээдүйд тулгарах бэрхшээлийг даван туулах ур чадварыг олгохын зэрэгцээ шинэ содон зүйлсийг харуулж, мартагдашгүй дурсамжуудыг бүтээхийн тулд дэлхийгээр тойрон аялахаар шийдсэн байна. Хүүхдүүддээ зааны зургийг номон дээрээс харуулахаас илүүтэйгээр амьдаар нь харуулахыг хүссэн эцэг, эх тэдний ой санамж, дурсамжийг хамгийн сайн сайхан зүйлсээр дүүргэхийг хүссэн гэжээ.
Тус гэр бүл 2020 оны долдугаар сард аялалдаа гарахаар зэхэж байсан ч дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын улмаас төлөвлөгөөгөө хойшлуулж, улмаар энэ оны гуравдугаар сард Монреалаас хөдөлжээ. Аяллаа Намибиас эхлүүлсэн гэр бүл Замби, Танзанид зочилж, дараа нь Туркт нэг сарыг өнгөрөөсөн бөгөөд саяхан Монголд саатсаныхаа дараа Индонез руу явсан аж.
Хэдий тэд ирэх оны гуравдугаар сард Квебек руу буцахаар төлөвлөж байгаа ч одоогоор ирээдүйд огт санаа зовохгүй байгаа гэжээ. Харин өдөр өдрийг харамсах зүйлгүйгээр өнгөрөөж, шинэ содон газар, хүмүүсээс ихийг сурч байгаагаа олон нийтийн сүлжээндээ тогтмол нийтлэн хуваалцаж байгаа юм.
Себастьян Пеллетье гурван хүүхэд нь хараагаа алдахгүй ч байж магадгүй гэж найдсаар байгаа ч ирээдүйд юу ч тохиолдож болох тул тэднийгээ ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай болгохыг хүсэж байгаагаа тэмдэглэжээ. Тэрээр "Шинжлэх ухаан энэ өвчний шийдлийг олно гэж найдаж байна. Гэхдээ тийм зүйл болохгүй ч байж магадгүй гэдгийг бид мэдэж байгаа тул хүүхдүүдээ бэлэн байлгахын тулд чадах бүхнээ хийж байна" гэсэн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.