МҮХАҮТ нь хуш модны самар экспортлогчдоос зүй бус төлбөр төлөхийг шаардсан хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гүтгэх боллоо. МҮХАҮТ нь хуш модны самар экспортлогчдоос аливаа зүй бус төлбөр төлөхийг шаардаагүй, уг мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
МҮХАҮТ нь уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, үр ашгийг нь сайжруулах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилтыг 2020-2024 оны үйл ажиллагааны үндсэн стратегиа болгон ажиллаж байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын зарим аж ахуй нэгж болон иргэд бараа бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагааг завсрын борлуулагч (ченж)-ийн санхүүжилтээр, хууль зөрчиж зохион байгуулах явдал сүүлийн жилүүдэд бий болоод байна.
Тэдгээр аж ахуй нэгж болон иргэдийн худалдаалж байгаа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, орлого ил тод бус, үнэн зөв бүртгэлгүй байгаа нь, татвараас зайлсхийж далд эдийн засгийг бий болгох, Монгол Улсын хууль тогтоомж, стандартад нийцэхгүй бүтээгдэхүүнийг экспортод гаргах замаар улс орны нэр хүндийг унгаах, цаашлаад мөнгө угаах гэмт хэрэгт чиглэсэн ноцтой үр дагавруудыг бий болгож байна. Дээрх сөрөг үр дагавруудын эсрэг хуш модны самрын салбарт бизнес эрхэлж буй 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл 2021 оны ургацын жилээс эхлэн санхүүгийн мэдээллээ ил тод, үнэн зөв бүртгэн тайлагнаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд ойн санг сэргээх, цаашилбал нөхөн сэргээлтэд тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Харамсалтай нь тэдгээр аж ахуй нэгжээс цөөн тооны аж ахуй нэгж дээрх шаардлагыг хангаж, бусад нь хангаагүй хэвээр байгаа юм. Бид гагцхүү шударга өрсөлдөөний нөхцөлийг хангах зарчмаар ойн дагалт баялгийг зөв зохистой ашиглах, хилийн цаана зохиомлоор бий болгож буй нэмүү өртгийг дотооддоо үлдээх, ой модтой зүй зохистой харьцаж байгаль орчинд хохирол учруулахгүй байх, хушин ойг нөхөн сэргээх, олон улсын худалдааны жишигт нийцсэн хэлбэрээр тогтвортой экспортыг хөгжүүлэх замаар салбарыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, гааль татварын бүртгэлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах үүднээс хуш модны самрын экспорт эрхлэгч аж ахуй нэгжүүдээс гэрээний үнийн дүнг үнэн зөвөөр тайлагнахыг уриалах, зүй ёсны шаардлага тавих байр суурьтай ажиллаж байна. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан МҮХАҮТ-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж, үндэслэлгүй, худал, буруу ташаа мэдээлэл тарааж байгаа явдалтай хатуу тэмцэж, хууль хяналтын байгууллагад хандах болно хэмээн МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.