АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Эмми" шагнал гардуулах ёслолын үеэр "Netflix"-ийн "Squid Game" цувралын гол дүрийг бүтээсэн И Жон Жэ драмын төрөлд шилдэг эрэгтэй жүжигчнээр нэрлэгдэж, ийм амжилт гаргасан анхны ази алдартан болжээ.
Өмнөд Солонгосын жүжигчин тэрээр "Better Call Saul"-ын од Боб Оденкирк, "Succession" цувралын Брайан Кокс, Жереми Стронг зэрэг хүчирхэг өрсөлдөгчийг ялж, түүхэнд нэрээ бичүүлсэн юм. Түүнчлэн "Squid Game"-ын зохиолч, найруулагч Хван Дун Хёк драмын төрлийн олон ангит киноны шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн анхны ази хүн болсон байна.
Харин энэ төрлийн шилдэг бүтээлээр "HBO"-гийн "Succession" цуврал шалгарч, өнгөрсөн жилийн амжилтаа давтжээ. Тэгвэл драмын төрлийн шилдэг эмэгтэй жүжигчнээр мөн "HBO" сувгийн "Euphoria" цувралын гол дүрийг бүтээсэн Зэндаяа хоёр дахь жилээ дараалан тодорсон байна.
Түүнчлэн "Ted Lasso" цувралын од Жейсон Судейкис хоёр дахь жилдээ инээдмийн төрөлд шилдэг жүжигчнээр шалгарсан бол энэ жилийн арга хэмжээний хамгийн том ялагчаар нийт 10 шагнал хүртсэн "White Lotus" цуврал тодорсон юм.
Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш эргээд өргөн хүрээнд зохион байгуулсан "Эмми-2022" шагнал гардуулах ёслолын өмнөх зарим арга хэмжээг Хатан хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан цуцалсан аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.