Пакистан улсад нүүрлэсэн үер усны аюулд 33 сая хүн өртөж, бараг 1,400 хүн амь насаа алдсан бөгөөд барилга байшин, зам, газар тариалангийн талбайнууд урсан одсоны улмаас 30 тэрбум ам.долларын хохирол учраад байгаа билээ. Тэгвэл тус улсад ойрын өдрүүдэд дахин их хэмжээний хур тунадас унаж, үер буух төлөвтэй байгаа учир эрх баригчид олон сая хүнийг тог цахилгаанаар хангадаг чухал цахилгаан станцыг болзошгүй аюулаас хамгаалахаар ажиллаж байна.
Тус улсын хамгийн их хохирол амссан бүс нутгийн нэг болох өмнөд хэсгийн Синд мужийн Даду дүүргийн цахилгаан станц нь зургаан томоохон дүүргийг эрчим хүчээр хангадаг аж. Станцын урд барьсан далан сувгийг бэхжүүлэх ажилд цэргүүдийг дайчилсан бөгөөд "Үерийн аюулын үед ус зайлуулах шугам сүлжээг хамгаалах урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан" гэж дүүргийн дээд албан тушаалтан өнгөрөгч даваа гарагт "Ройтерс" агентлагт мэдээлжээ.
Ойролцоох Сехван хотод үерийн улмаас орон гэргүй болсон иргэд төв зам дагуу майхан босгон, хоргодож байсан ч даваа гарагт болсон шорон шуурганы улмаас олон зуун майхан хийсэн одсон байна. Энэ сарын дундуур тохиох үер усны аюулаас өөрсдийгөө хамгаалах ямар ч боломжгүй болсон энэ мэт хүмүүс тус улсад олон байгаа юм.
220 сая хүн амтай Пакистан улсын асар том газар нутгийг усанд автуулаад байгаа энэхүү байгалийн гамшигт үзэгдлийг тус улсын Засгийн газар болон НҮБ-ын зүгээс цаг агаарын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.