СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн.

Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн байдаг.

Уг хэргийг шалгах явцад бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсийн Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулсныг ч тогтоосон.

НПГ-аас Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан”, 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.

Тэрбээр бусдаас хахууль аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй хэмээдэг ч нотлох баримтуудаар хясан боогдуулж хахууль авсан, албан тушаалаа урвуулсан нь тогтоогдож байгаа гэж прокурорын байгууллагынхан үзсэн гэнэ. Эдгээр үйлдлээс гадна эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбай хахуульд авсан гэж буруутгаж буй юм билээ.

Харин Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, “Алтай хаус” гэх хотхонд 101 ам метр талбай бүхий орон сууц төрсөн дүүгийнхээ нэр дээр авсан гэх үйлдэл нь 2012 онд болсон, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэрэгсэхгүй болгосон гэнэ.

НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.