"КОВИД-19" цар тахлаас үүдэлтэй сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон коронавирусийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар хийсэн судалгааг СЭМҮТ, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас танилцуулж байна.
АШУҮИС-ийн Сэтгэцийн тэнхимийн багш Н.Ганцэцэг:
-Коронавируст халдварын улмаас дэлхий нийтийн хүн амд ганцаардал, өрхийн орлого буурах, үхэх вий гэсэн айдас түгээмэл байсан. Иймээс сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд тулгарч эхэлсэн. Үүнийг 2019 оноос хойш дэлхий нийтээрээ судалж байгаа бөгөөд урт хугацаанд үргэлжилж, хүмүүсийн хэвийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж байгаа.
Сэтгэл түгшилт, зовних асуудал дэлхийн нийт хүн амын найм орчим хувийг эзэлж байсан бол ковидын дараа 19 хувь болж өссөн. Үүнтэй холбогдуулан нийслэл хотын есөн дүүрэг, 21 аймаг, 333 сумын нийт 7919 хүнийг хамруулан Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгааг хийлээ.
Судалгаа 2021 оны 11-р сараас 2022 оны 1-р сарын дунд үе хүртэл үргэлжилсэн бөгөөд ид вакцинжуулалт, хөл хорионы төгсгөл үе таарсан гэлээ.
Судалгаагаар иргэдийн
Судалгаанд энгийн иргэд болон онцгой байдлын үед үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудыг хамруулжээ. Тодруулбал, онцгой байдлын үед үүрэг гүйцэтгэдэг эмч, цагдаа нарын сэтгэл түгшилт, сульдлын шинж тэмдэг илүү байсан байна. Ялангуяа цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилчдын 70 хувьд архаг сульдлын шинж илэрсэн бол сэтгэл түгших эмгэг 60 хувьтай байжээ. Харин энгийн иргэдийн сэтгэл түгших эмгэг 50 хувьтай, сэтгэл гутрал нь 40 орчим хувьтай байжээ.
Мөн ковидоор өвдсөн хүнийг өвдөөгүй иргэнтэй харьцуулан судлахад 1,9 дахин архаг сульдалттай, сэтгэл гутрал, түгшил нь 1,4 дахин их тохиолдож байсан нь тус тус судалгаагаар ажиглагджээ.
Монголын Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин:
-Ковид туссан хүмүүсийн дунд ядарч сульдахаас гадна мартах, нойрны хямралд өртөх тохиолдлууд элбэг байна. Жишээлбэл, ковидоор өвдөх үедээ нойрны хямралд ороод энэ нь жилийн турш үргэлжилсэн тохиолдол байна. Эрсдэлт бүлгийн хүмүүст урт хугацааны сэтгэл гутрал, эмгэгт өртөх байдлыг ковид сэдээчихсэн байна. Иймд ямар арга хэмжээ авахыг холбогдох байгууллагууд, мэргэжилтнүүдээс гадна нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал хэмээн харж, анхаарлаа хандуулах хэрэгтэй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.