Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орлоо.
Төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд эхэлж болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар , Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төр засаг, орон нутаг, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэхүү бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлж, уг төмөр зам нь монголчууд бие дааж барьсан, 100 хувь Монгол Улсын өмчлөлтэй анхны төмөр зам болж байгааг онцоллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь стратегийн өндөр ач холбогдолтой, уур уурхайн түүхий эдийн экспортын гол гарц бүхий зам юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг барьснаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Мөн БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ.
Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 километр, 2 өртөө (Тавантолгой, Гашуунсухайт), 6 зөрлөг (Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Ус, Хулант), 16 гүүртэй, төмөр замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Тяньжин зэрэг далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх, Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За төмөр зам ч яахав засмал замаа янзлаач ээ, Өөрсдөө машинаар явдаггүй нисдэг учир мэдэрдэггүй юм уу Мандалговиос Цогт Овоо орох зам арай л байна лээ.