Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар өвөлжилтийн бэлтгэл ажил, Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа.
2022 оны есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай хангагджээ. Үндсэн болон туслах тоноглолын их засвар 77 хувь, хөрөнгө оруулалт 72 хувь, техник зохион байгуулалтын ажлыг 69 хувьтай гүйцэтгэжээ. Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байна.
Нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээний сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр “Таван толгой түлш” ХХК 1200-1400 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж энэ сарын 8-ны байдлаар 99,348 тонн сайжруулсан шахмал түлш, 210 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлжээ. Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж эхэлжээ.
Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг автозамаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгээс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулсан өндөрлөгөөтэй зам барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж эхнээсээ ашиглалтад оржээ. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байгааг албаныхан хэлж байлаа.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж:
-МХЕГ-аас Тавантолгой түлш компанийн түүхий эд, үйлдвэрлэл, нөөц, борлуулалт дээр шаардлага тавьж ажилладаг. 2019 оноос эхлэн Тавантолгой түлш компанийн Баруун бүсийн үйлдвэрт шаардлага хүргүүлсээр ирсэн. Үйлдвэрийн технологиуд, хатаагуур шаардлага хангахгүй байгаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын тал дээр олон асуудал гардаг. Бид олон удаагийн зөвлөмж, шаардлагыг хүргүүлсэн. Өнөөдөр зайлшгүй тулгамдаад байгаа гол асуудал нь Тавантолгой түлш компанийн Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх. Суурьшлын бүсэд байрлаж байгаа тус газарт стандартаас 2-3 дахин их тоосжилт үүсдэг. Дотоод болон гадна тоосонцроос үүдэж гал гарах давтамж их байдаг гэдэг дүгнэлт ч гарсан. Тавантолгой түлш компанийн Зүүн бүсийн үйлдвэрийн хувьд өнгөрсөн жилийн утаа ихэссэн асуудал хатаалга байгаагүйтэй холбоотой.
Тавантолгой түлш компанийн төлөөлөл:
- Улаанбаатар хотын утааны асуудал зөвхөн сайжруулсан түлш бус, хэрэглэгч , зуух гээд олон хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Иргэдэд үйлчлэх төв дээрх хэрэглэгчдийн судалгаагаар 63 мянган өрх стандартын бус зуух ашиглаж байгаагаас 38 мянган өрх нь нэн хүнд айл өрхүүд байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдөр бүгд л өөрсдийн байгууллагыг зөвтгөх байдлаар асуудлыг ярьж тайлбарлаж байна. Иймд ирэх долоо хоногт дахин хуралдаж өнгөрсөн жилийн утаа их байсан шалтгааныг тодруулах нь бидний эхний ажил байна. Түүхий эд, хэрэглээ, тээвэрлэлт гээд юунаас шалтгаалж утаа ихээр ялгарч байгааг олох ёстой. Шалтгаан нөхцөлөө олоод тэр алдаа дутагдлаа давтахгүй байх тал дээр ажлаа эрчимжүүлье.
Шадар сайд С.Амарсайхан:
-Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ-нд уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстой. Зуухны асуудал, хэрэглэгчдэд мэдээ мэдээлэл өгөх ажлаа улам идэвхжүүлэх шаардлагатай байна. УБТЗ ХНН-ээс шаардлагатай галт тэргийг гаргаж өгнө. Энэ асуудал дан ганц компанийн асуудал биш нийслэл хотын нийт хүн амын өвөлжилттэй холбоотой асуудал. Энэ жил эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлан, сайтар хангаж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.