Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам амралтын өдрүүдэд болно.
Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцоно. Цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулагдсан бол 2019 оны тэмцээнд 17 орны 41 тамирчин оролцож байжээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:
-Монгол Улсыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татсан арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хийморь” морьт харвааны наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Хийморь” наадамд оролцох олон улсын тамирчид ирээд байна. Наадмын үеэр морьт харваанаас гадна шагайн харваа, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэр, үндэсний урлагийн үзүүлбэр үзүүлнэ. Цаашид морьт харвааны төвийг Монгол Улсад байгуулах зорилготой ажиллаж байна.
Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд:
-Энэ жилийн наадам дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулсан сайхан үед болж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн бол түүхэн үйл явдлыг сэргээсэн, түүхийн олдворуудаас санаа авсан бүтээлч наадам гэдгийг тодотгоё. Ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар болсныг ташрамд дуулгая. Тэрхүү тэмцээнд дэлхийн 34 орны тамирчид оролцохоо илэрхийлээд байгаа.
Өмнөд Африкаас хүрэлцэн ирсэн шүүгч Амели Рашке:
-Дэлхийн хөгжингүй орнуудад байгалийн унаган төрхийг ихэд алдагдуулсан байдаг. Гэтэл Монгол бол унаган байгалиа хайрлан хамгаалж буй орнуудын нэг. Тиймээс би Монголд хайртай. Энэ жилийн хувьд “Хийморь” наадамд 30 гаруй тамирчид оролцож байгаа ч ирэх жилүүдэд тамирчдын тоо улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Амели Рашке нь морьт харваачдын зургаан удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай нэгэн юм. Мөн 2019 оны “Хийморь” морьт харваанд уригдан ирж ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.