АНУ-ын Холбооны санхүүжилт авсан технологийн компаниудыг БНХАУ-д "дэвшилтэт технологийн" байгууламж барихыг 10 жилийн хугацаанд хориглоно гэж Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа мэдэгджээ.
Энэхүү удирдамжийг хагас дамжуулагчийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн 50 тэрбум ам.долларын багц төслийн нэг хэсэг болгон танилцуулсан байна. Үүнээс өмнө тус улсын бизнесийн бүлэглэлүүд Хятадаас хараат байдлыг багасгахын тулд Засгийн газраас илүү их дэмжлэг үзүүлэхийг шаардаж байсан билээ.
Тэгвэл АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ "CHIPS-ийн санхүүжилт авсан хүмүүс үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахаас сэргийлэхийн тулд бид хамгаалалтын хашлага хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд тэд 10 жилийн хугацаанд энэ санхүүжилтээр Хятадад хөрөнгө оруулалт хийж, тус улсад дэвшилтэт технологийг хөгжүүлэх боломжгүй" хэмээжээ.
Тус хоёр улсын хоорондох худалдаа, технологийн асуудлаарх маргаан үргэлжилсээр байгаа. 1990 онд дэлхийн хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн бараг 40 хувийг эзэлдэг байсан АНУ одоо ердөө 10 орчим хувийг нь үйлдвэрлэж байгаа юм. АНУ технологийн давуу байдлаа Хятадад алдаж байгаа гэх болгоомжлолын хүрээнд Ерөнхийлөгч Жо Байден өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгаанд 280 тэрбум ам.долларын санхүүжилт олгох тухай хуульд өнгөрөгч наймдугаар сард гарын үсэг зурсан.
Харин Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам энэ удаад зарласан хагас дамжуулагчийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж, "Хүйтэн дайны үеийн сэтгэхүй"-г санагдуулам арга хэмжээ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.