Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын газраас танилцуулж байна.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж:
- Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 51 ААН-д хяналт шалгалт хийсэн. Үүнээс 2 ААН ямар нэг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь зогссон байсан. Иймд МХЕГ-ын Шалгалтаар нийт 49 ААН-ийн агуулахад хадгалагдаж буй 14037.18 тонн махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх ажлыг хийсэн.
Хяналт, шалгалтаар:
- Хятадад мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 12 ААН-ийн 6590 тонн үхэр, хонь, ямааны мах стандартын шаардлага хангасан.
- Экспортын зөвшөөрөлтэй долоон ААН-ийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541 тонн махыг ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлэн өгсөн.
- Найман ААН-д хадгалж байсан дулааны аргаар боловсруулсан 507 тонн мах лабораторийн шинжилгээгээр нянгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул хураан авч, устгах саналаа зохих журмын дагуу нийслэлийн засаг даргын дэргэдэх Устгалын зөвлөлд хүргүүлсэн.
Хяналт шалгалтын хугацаа яагаад хойшилсон талаар олон хүн асууж байна. Нийт үйлдвэрт гурван удаагийн шинжилгээ хийж байж дээрх дүгнэлтийг гаргасан.
- 23 ААН-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 22 ААН-д 71,5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 16 ААН-ийн эрхийг цуцалжээ. Цагдаагийн байгууллагаас ААН-д хэрэг үүсгэн шалгаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.