БНСУ-ыг өнгөрсөн шөнө дайрсан "Хиннамну" супер хар салхины улмаас нэг хүн сураггүй алга болж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн болохыг тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Өмнөд хэсгийн Гожэ хотын ойролцоо үүрийн 04:50 цагт газардсан уг хар салхи нь өглөөний 07:10 цаг гэхэд зүүн өмнөд эргийн Улсан хотыг дайрч өнгөрөн, Зүүн тэнгисийн зүг хөдөлсөн гэж Өмнөд Солонгосын цаг уурын албанаас мэдээлсэн юм. Салхины хурд нь 45 м/с-д хүрсэн "Хиннамну"-гийн хүч тус улсад урьд өмнө нь тохиож байсан хамгийн аюултай хар салхинуудын нэг болох 2003 оны "Мэми" хар салхитай төстэй байжээ.
Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр Улсан хотод 25 настай эрэгтэй ор сураггүй алга болсон аж. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уг эрэгтэй нь шөнийн 01:00 цагийн үед голд унасан бөгөөд түүнийг эрэн хайсаар байгааг тус улсын Гамшиг, аюулгүй байдлын төв штабаас мэдээлсэн байна.
Албаныхан Өмнөд Кёнсан, Өмнөд Жолла муж болон Пусан хотын хөрсний гулгалт, үерт автсан бүс нутгийн 2,661 өрхийн 3,463 иргэнийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлсэн бол 15,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ. Мөн тус улсын хэмжээнд 12 нисэх онгоцны буудлын 251 нислэгийг цуцалсан бөгөөд олон хурдны зам хаагдаж, 20,334 байшингийн цахилгаан тасарсан байна.
Эх сурвалж: Yonhap
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.