Монгол Улсын өсөх, идэр начин Ц.Улаанхүүгийн хүү “Бүстэй бөх болон кураш” бөхийн дэлхийн мөнгө, хүрэл медальт, ОУХМ, аймгийн харцага У.Мөнхчулуунтай ярилцлаа.
-Та 2019 онд бүстэй болон кураш бөхийн төрлөөр дэлхийн медальтан болсон. Оролцох эрхээ хэрхэн авсан бэ?
-Улсын аваргад түрүүлсэн тамирчин дэлхийн аваргад оролцдог уламжлалтай. Үүний дагуу Казакстан улсын Нур-Султаны руу анхны тэмцээндээ оролцсон. Миний хувьд кураш бөхийн УАШТ-д III байр эзэлсэн ч манай жинд түрүүлсэн бөх гэмтсэн учраас хоёр төрлөөр оролцох боломж олдсон. Олдсон боломжоо алдахгүйн тулд бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж тэмцээнээсээ чамгүй амжилттай ирсэн.
-Тэмцээнд ямар улсын бөхчүүдтэй таарч барилдав?
-Дэлхийн аваргын эхний тэмцээн кураш бөхийн төрлөөр эхэлж, эхний тойрогтоо ялсан. Харин хоёрдугаар тойрогт өмнө нь дэлхийн аварга болсон хүчтэй өрсөлдөгчтэй таарсан. Шөнөжин жингээ хасах гэж тамираа барсан тул хурдан цуцаж байсан. Улмаар өрсөлдөгч тамирчин миний адил бие нь тамирдсан ч гэсэн хүндхэн барилдаан болсон.
Оноо руугаа хартал хоёр онооны дутуутай. Гэтэл хажуунаас багш 17 секунд, хожигдлоо, мэх хий гээд орилсон. Шүгэл дугарахаар нь гүйж очоод барьцаа лавхан барьж байгаад хөмөрсөн. Үүний гавьяагаар хоёрдугаар тойргоо ялж дараагийн тойргууддаа барилдсан.
Бүх өрсөлдөгчид хүчтэй, өмнө нь том тэмцээнд оролцдог тамирчид байсан тул хүнд барилдаануудыг гаргасан. Хэсгийн аваргын барилдаанд хожиж дутуу мэх хийснээс болж ялагдсан.
Сэтгэл санаа гутарсан ч миний медаль авах төрөл бүстэй бөх учраас энэ хүртэл барилдсан юм чинь сайхан барилдаанд чадвал хожно гэж дэвжээ рүү гарсан. Дэвжээн дээр гараад удалгүй өрсөлдөгчөөсөө шахаж татах мэхээр оноо авсанаар өмнөх ялагдалаа бодохоо больж эхэлсэн. Барилдааны төгсгөлд дахин оноо авсанаар дэлхийн дэвжээнээс анх удаагаа оролцож медаль хүртсэн минь хамгийн сайхан.
Тухайн үед дэвжээн дээр байхдаа яг олимпын аварга болчихсон мэт баярлаж хөөрсөндөө шүүгчийн гарыг хүртэл өөрөө өргөчихсөн байж билээ. Харин дараагийн өдөр нь өөрийн үндсэн төрөл болох бүстэй бөхөд хүч үзсэн. Өөрийн алдаанаасаа болж мөнгөн медаль хүртсэн.
-Яагаад жингээ хасах шаардлагатай болсон юм бэ?
-Тэмцээн болох улсын жин дээр гарахад өөрийн барилдах жингээс 10 кг-аар илүү болчихсон. Жин дээр гарахад 110 кг байсан. Оролцох жин 100 кг. Хэдэн өдөр саун бассейнд орж жин хасах тал дээрээ илүү анхаарсан. Тэмцээний эхлэх өдрийн өмнө дахин жин дээр гарахад хэдий хассан ч 2-3 кг илүү байсан. Тиймээс тэр шөнөдөө жин дахин хасах шаардлагатай болсон. Дахиад бассейнд оръё гэсэн боловч хаалттай. Зааландаа очиж хөлсөө гаргая гэхээр хол байсан.
Яах аргаа олохгүй байтал тэмцээнд оролцож байсан дүү зузаан хувцас өмсөж байгаад халуун усан дотор хөлсөө гарга гэсэн. Халуун ус гоожиж байгаа учраас уур гарч, хөдлөх тусам хөлөрсөн. Хоёр цагийн хугацаанд нойлын өрөөнд гүйхэд 100.3 кг болсон. 100 грамм илүү болгож тэмцээнээс хасагдаж байхаар дахин өмнөх зүйлээ хийж жиндээ оръё гэсэн бодол л толгойд буусан. Дахин халуун усанд орсоноор 99.9 болж жиндээ орсон. Үүний гавьяагаар дэлхийн аваргын тэмцээнээс мөнгө хүрэл медалийн болзол хангасан.
-Таны хувьд үндэсний болон чөлөөт бөхөөр барилддаг байсан гэсэн. Бүстэй болон кураш бөхөөр яагаад барилдах болов?
-Би бөхийн спортоор 15 настайгаасаа эхэлж хичээллэж эхэлсэн юм. Аав маань Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат улсын өсөх идэр начин Ц.Улаанхүү гэж хүн бий. Бага наснаасаа барилдах дуртай байсан болохоор аавынхаа барилдаж байгааг радиогоор сонсож, бөх гэдэг ямар сайхан зүйл болохыг мэдэрсэн. Хүмүүс ч намайг аавынхаа цолонд хүрч барилдана гэж сайшаадаг.
Харин намайг барилдаж эхлэхээс өмнө аав маань “Монгол эр хүн болсондоо баярлаж яваарай. Монгол бөх дээдийн заяа байдаг” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Үүнээс улбаалж Улаанбаатар хотод ирж “Алдар” спорт хороонд Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн удирдлага дор хоёр жил бэлтгэл хийсэн. Бэлтгэл хийж эхэлсэн үеэсээ тэмцээнд оролцож медальт байруудад шалгардаг байлаа.
Харин 2008 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэж шинэхэн сумын цолтон болсон. Дараа жил нь аймгийн начин цолтон болж чөлөөт бөхөө хэсэг хугацаанд завсардсан. Түүний дараагаар 2012 онд Дундговь аймгийнхаа 71 жилийн ойн баяр наадмаар зургаа давж аймгийн харцага цолтон болсон.
Аймгийн цолтон болсон жилээсээ үндэсний бөхөөр хэсэг хугацаанд хичээллэе гэж бэлтгэлээ хийдэг болсон. Үүний гавьяагаар 2012 онд тойргийн аймгийн арслан болж гурван удаа шөвгөрсөн юм. Хотод бэлтгэл сургуулилтаа хийдэг болохоор найзтайгаа их барилдана.
Ингэж бэлтгэлээ хийж байтал 2018 онд бөхийн бүстэй болон кураш бөхийн тамирчин, найз тэмцээнд оролцохоор болж, бэлтгэл хангагч хэрэгтэй болсон. Намайг цуг бэлтгэл хийж, миний бэлтгэлд анхаараад өгөөч гэхээр нь түүнтэй анх удаа энэ төрлүүдээр барилдсан. Миний хувьд ямар ч барилдаанд зодоглож барилдах дуртай нэгэн. Гэтэл энэ төрлүүд миний онцлогт их тохирч байсан.
Тухайн үедээ найзынхаа бэлтгэл хангагчийг хийж байсан ч энэ төрлөөр барилдах бодол төрсөн. Хэсэг хугацааны дараа энэ спортод орсон ч дэлхийн медальтан болно гэж бодоогүй. Харин энэ хоёр төрлийн бөхийн төрлөөр барилдсанаар үндэсний бөхийн мэх маань хүртэл сайжирсан.
-2012 онд аймгийн харцага болж байхдаа ямар бөхтэй зургаагийн даваанд таарч барилдав?
-Тавын даваанд Төв аймгийн харьяат улсын заан н.Амгаланбаатар ахаар тав давж аймгийн начны болзолыг хангасан. Зургаагийн даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн начин, жүдо бөхийн МУГТ С.Мяарагчаатай тунасан. Тухайн үед аавын бие муу байгаад эзэнгүй байсан. Барилдааны өмнө багш С.Мяарагчаагийн мэхийг тооллоо. Түүний мэх 25-аас цааш байна гэж хэлсэн. Мэхийг нь тоолоод гүйцэхгүй юм байна. Өөрийнхөөрөө барилд гэж хэлсэн.
Тавын даваагаа давчихсан болохоор зургаагийн давааг давах ёстой гэдэг үүднээс барилдсан. Нэлээд хүнд барилдаан, удаан ч үргэлжилсэн. Өрсөлдөгч бөх их спортын хүн болохоор төрөл бүрийн мэх хийх гэж оролдсон. Тухайн үед дэвжээн дээр түүнээс их л эмээж байсан. Дэлхийн хэмжээний бөхтэй барилдаж байгаа гэсэн бодол ч толгойд орж ирсэн. Түүнийг нь хамгаалж барилдсаны үндсэнд сэнжигнээс хонгодож давсан. Маш их баярлаж метр гаруй үсэрсэн гэж хэлдэг. Багш нар хэлж байсан үг, бэлтгэл хэрхэн хийснээ ч бодсон. Харин долоогийн даваанд Л.Пүрэвжав харцагад ам авхуулж барилдан өвдөг шороодсон.
-Үндэсний бөхөөр барилдаж байгаад чөлөөт бөхөөр барилдах үед юу мэдрэгдэж байв?
-Анх чөлөөт бөхөөр хичээллэж байгаад үндэсний бөхөөр бэлтгэл сургуулилтаа хийхэд уян хатан чанар нь илүү байсан. Бөхчүүд ч гэсэн их спортыг үндэсний бөхтэй харьцуулж хичээллэвэл бусад тамирчдаас илүү гардаг гэж ярьдаг. Тиймээс олон төрөлт бөхийн спортоор хичээллэх дуртай. Тиймдээ ч бүстэй болон кураш бөхийн төрлүүдээсээ илүү зүйл сурч гадаад дотоодын том тэмцээнд орохыг зорьж байна. Учир нь энэ төрлийн бөхийн спортоор амжилт гаргавал аавынхаа цолонд хүрэх боломж бүрдэнэ гэж хардаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 171 (6903)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.