Канадын төв хэсэгт орших Саскачеван мужид хоёр этгээд хутгатай халдлага үйлдсэний улмаас 10 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан тухай бүс нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Одоо хоёр сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа ба оршин суугчдыг гэрээсээ гаралгүй, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн байна.
Албаныхан хохирогчдыг Канадын уугуул Жеймс Смит Кри Үндэстний 13 байрлал болон ойролцоох Уэлдон тосгоноос олжээ. Саскачеваны Хатан хааны морьт цагдаагийн албаны командлагч Ронда Блэкморын хэлснээр халдагчид хэд хэдэн хохирогчийг онилсон байж магадгүй ч зарим албаны хүн энэхүү явдлыг "эмх замбараагүй халдлага" гэж үзэж байна.
Сэжигтнүүд болох 31 настай Дэмиен Сандерсон, 30 настай Майлс Сандерсон нарыг зэвсэглэсэн бөгөөд аюултай гэж зарласан ба цагдаа нар шалгах цэгүүдийг байгуулж, зорчигчдын биеийн байцаалтыг шалгаж байгаа юм. Мөн 2,000 орчим оршин суугчтай Жеймс Смит Кри Үндэстний газар нутагт онц байдал зарласнаас гадна Саскачеван, Манитоба, Альберта мужуудын бүх иргэний гар утсанд халдагчдын талаар сэрэмжлүүлэг илгээсэн аж.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уг халдлагыг "аймшигтай, зүрх шимшрүүлсэн" явдал гэж тодорхойлсон бөгөөд албан ёсны мэдэгдэлдээ "Өнөөдрийн аймшигт халдлагад би үнэхээр цочирдож байна. Энэхүү жигшүүрт халдлагыг үйлдсэн этгээдүүдэд бүрэн хариуцлага хүлээлгэх ёстой" хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ойрхи дорнот, ын болон бусад олон орноос ирсэн цагаачид бизээ