Иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилготой УБТЗ-ын Нэгдсэн эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв өчигдөр замдаа гарчээ.
Уг оношилгооны төвийг үдэн гаргах арга хэмжээнд Улаанбаатар төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Төмөр замын төв эмнэлгийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцжээ.
УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар:
- УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан, нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй нийт 4 вагоноос бүрдсэн галт тэрэг юм. Тус хөдөлгөөнт оношилгооны төв нь хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын хүрээнд нэмэлтээр 1 вагоныг тохижуулан эрт илрүүлгийн цахим програмыг суурилуулан тоногложээ. Төмөр замын шугам дагуух 7 аймгийн 25 сумын иргэд, төмөр замын салбарын ажиллагсдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах боломжтой юм.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
- Коронавируст халдварын цар тахлын үед хүн амыг вакцинжуулахад УБТЗ-ын Төв эмнэлгийн хөдөлгөөнт оношилгооны төв эмнэлэг үнэтэй хувь нэмэр оруулсан. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар замд гарч байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.