Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” шинэ хөтөлбөрийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам хэрэгжүүлэх гэж байна.
“Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 5.00 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэх болсон.
Уг хөтөлбөрийн оролцогч талуудын зохицуулагчаар Монгол Улс дах Японы Элчин Сайдын Яам, харин буцалтгүй тусламжийн санхүүжилтийг зохицуулагч байгууллагаар Хүүхдийг Ивээх Сан ажиллах юм.
2022-2025 онд гурван жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг дээшлүүлэн боловсролын чанарыг сайжруулах зорилготой юм.
Хөтөлбөр нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох:
- "Тэгш хамруулан сургах боловсрол" нь зорилтот орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Нийслэлийн хоёр дүүрэг, дөрвөн аймгийн 18 сургуульд хэрэгжиж, ерөнхий боловсролын 4,693 багшийг чадавхжуулах бөгөөд энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Хүүхдийг Ивээх Сан болон ЖАЙКА ОУБ-ын төслүүдийн үр дүнд бий болсон загварыг өргөжүүлнэ.
- "Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ" нь Монгол Улсын хэмжээнд 45 зорилтот сургуулийг сонгон, сургуулийн гал тогооны нөхцөлийг сайжруулан, 36 сургуулийн хоолзүйчдийг мэргэшүүлснээр 48,000 хүүхэд төслийн үр шимийг хүртэх болно.
- "Хосолсон сургалт"-ыг хөгжүүлэх нь сургуулиудад тохирсон хосолсон сургалтын загварыг бий болгосноор хичээл сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, суралцах чадварыг сайжруулахад чиглэнэ. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос сонгогдсон хоёр дүүрэг болон Увс, Ховд, Булган, Сүхбаатар, Дундговь аймгийн 50 сургуулийн 5,000 сурагчдыг хамруулж, бага, дунд ангийн 1,000 гаруй багшийн ур чадварыг дээшлүүлнэ.
Эдгээр чиглэлүүдээр боловсролын салбарт хөрөнгө оруулж буй Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Хүүхдийг Ивээх Сан болон Монгол дахь хөгжлийн бусад түншүүд энэхүү хөтөлбөрийг дэмжин ажиллана.
Хөтөлбөрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: “Энэхүү буцалтгүй тусламж нь манай боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд ихээхэн дэмжлэг үзүүлэх болно. Хөтөлбөр нь Ковид-19 цар тахлаас үүдэлтэй өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бөгөөд БШУЯ нь энэхүү multiplier буюу үржүүлэгч болон хөгжлийн олон талт түншүүдтэйгээ хамтран буцалтгүй тусламжийн үр дүнтэй хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүлэх болно гэдэгт би итгэлтэй байна" гэв.
ЖАЙКА ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи: “Энэхүү хөтөлбөр батлагдсанд хамтран санхүүжүүлэгчийн хувьд бид их баяртай байна. ЖАЙКА ОУБ Монгол Улсад сургуулийн хоолны үйлдвэрлэлийг сайжруулах болон тэгш хамруулан сургах хөтөлбөрийг бэхжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллахад бэлэн” гэв.
КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга ноён Жүн Мо Ким: “GPE Multiplier хөтөлбөр батлагдсаныг сонсоод БШУЯ, ЖАЙКА, Хүүхдийг Ивээх Сангийн түншүүдийн адил баяртай байна. Хөтөлбөрийн үр дүнд илүү олон сурагчид сургууль дээрээ эрүүл чанартай хоолоор үйлчлүүлж, чанартай боловсролын үйлчилгээ авах болно гэдэгт итгэж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.